Д.Ганбат: МАН сахил аваад ШАЛ ДОРДЛОО
УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдэл хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Өнөөдрийн хуралдаанаар Шилэн дансны тухай хууль болон Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Шилэн дансны тухай хуулийг яаралтай сайжруулах хэрэгтэй. Таван саяас доош мөнгө хэрхэн зарцуулагдсан нь мэдэгдэхгүй, хяналтгүй байна.
Тиймээс АН-ын бүлэг хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Татвар төлөгчдийн өгч байгаа нэг төгрөг ч хяналтад байх ёстой. Түүнчлэн өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй байлгүй хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулан мөн л Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэсэн ч Засгийн газар бидэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.
Ковид-19 халдварын үед улсын төсөв үр ашиггүй, хяналтгүй зарцуулагдаж байна. АН-аас өмнөх Засгийн газарт муу ажиллаж байна гэсэн шаардлага хүргүүлж байсан.
МАН сахил аваад шал дордлоо. Бүх юмыг хаахгүй, нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж эдийн засгаа сэргээнэ гэж байсан ч энэ нь амьдралд нийцсэнгүй. УОК-ын хариуцлагагүй үйлдэлд монголын ард түмэн хохирч байна. Вакцинжуулалтын хувьд иргэдийг дархлаажуулж буй вакцин бүгд хандиваар ирсэн бөгөөд төсөв мөнгөөр авсан вакцин нэг ч байхгүй. Вакциныг шат дараатай хийж, хөл хориог шат дараатай суллах ёстой байсан. Гэтэл өнөөдөр гэхэд 200 гаруй хүнд халдвар илэрчээ. Гэтэл бодит байдал дээр үүнтэй уялдуулж ажиллахгүй байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинийг хийх ёстой. ДЭМБ зөвхөн Пфазер, Модерна, АстраЗенека вакциныг л зөвшөөрсөн. Хуулийн дагуу зөвшөөрөгдсөн вакцинийг л хийх ёстой.” гэлээ.