М.Энхдөлгөөн: Аав, ээждээ 8 оронтой тоотой мөнгө өгөхөд шоконд орсон
МУИС-ийн 3 дугаар түвшний оюутан Мөнхтөрийн Энхдөлгөөн зуны амралтаараа Америк явж, тэндэхийн хөгжил, соёл, хүмүүсийнх нь амьдралтай танилцаж, цагийн ажил хийжээ. Түүнтэй Америкд өнгөрүүлсэн өдрүүдийн тухай цөөн хором ярилцлаа.
-ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛ МААНЬ САЙЖИРСАН-
-Оюутнууд зундаа ажил хийдэг ч тэр бүр гадаад яваад байдаггүй. Гадаад улсад зуны амралтаараа ажил хийж болох санааг анх хаанаас мэдсэн бэ?
-Интернэтээс олж мэдсэн. Дараа нь гадаад руу зуучилдаг олон агентлаг байдгийг мэдээд очиж уулзсан. Хэд хэдэн агентлагтай очиж уулзаад аль агентлагаар зуучлуулахаа шийдсэн. Бүр өмнө нь нэг танилаасаа гадаад руу явуулдаг агентлагуудын тухай сонсож байсан ч ажил болгож, зорилго тавьж судалж байгаагүй юм.
-Хэзээнээс явах бэлтгэлээ хангаж эхлэв?
-Оюутан болсон жилээ олж мэдээд явах гэсэн боловч коронавирус гарч хойшилсон. Тэгээд дараа жилээс заавал явна гэж шийдээд хөөцөлдсөн. Агентлагт 10 сард очиж бүртгүүлээд, ажлын ярилцлагаа хоёр сарын дараа хийж тэнцсэн. Он гараад дөрвөн сард элчингийн ярилцлагадаа орсон. Тэгээд явсан даа.
-Визний хугацааны талаар?
-Гурван сарын хугацаатай ажиллаад нэг сар тэндээ аялж болохоор виз гардаг. Америк руу явуулдаг визний ангилал J-1 гэдэг. Манайхан ер нь 3 сар ажиллаад 7 хоног амарна гэсэн төлөвлөгөөтэй явдаг юм билээ.
-Явахад зардал шаардана?
Мэдээж гадаад улс руу явж байгаа болохоор мөнгө хэрэгэтэй. Элчингийн, хөтөлбөрийн, тийзийн, гарын гээд нэлээд хөөрхөн юм болсон шүү.
-Ажил хийгээд зардлаа нөхөж чадсан уу?
-Чадсан /инээв/.
-Ямар нэртэй газар очсон бэ?
-Миннесота мужийн Оттертэйл гэдэг жижигхэн хотод очсон.
-Өөр нийгэм, соёлд дасан зохицоход хэцүү байв уу?
-Би угаасаа англи хэлд дуртай. Очоод англи хэлтэй хүмүүстэй өдөр тутамдаа ярихад маш их таалагдсан. Орчиндоо дасахад хугацаа ороогүй. Хүндрэлтэй юм ерөөсөө байгаагүй. Хүүхдүүд нойр нь солигдоод, ус мус нь тохирохгүй гэдэг асуудал ярьдаг. Миний хувьд тийм асуудал тулгараагүй.
-Амьдрах газраа яаж зохицуулсан бэ?
-Ажилладаг газраасаа 100 орчим метрт түрээсийн байшинд байрласан. Тэнд байх гурван сарын хугацаандаа нийт 300 доллар төлсөн. Хүн бүр нэг өрөөнд байрлана, хоёр хүн дундаа угаалгын өрөөтэй, галт тогоо нь цугтаа, том өрөөтэй байшин байсан.
-Англи хэлдээ хэр сайжрав?
-Ахлах ангидаа дүрэмдээ сайн. Харин ярих, сонсохдоо муу байсан. Тэнд англиар ярихаас өөр аргагүй учраас чих онгойсон. Бас ичиж, санаа зовохгүйгээр ярьж сурсан. Хэрэглээний англи хэл маань сайжирсан гэж бодож байна.
-Өөр монгол хүнтэй явсан уу. Ийм байдлаар зуучлуулдаг оюутнууд хэр байх шиг байна?
-Нэг охинтой хамт явсан. Зөвхөн биднийг зуучилсан агентлагаас 300 гаран оюутан явсан гэж сонссон. Өөр бусад агентлагуудыг тооцвол их байгаа байх.
-Эцэг, эх, ар гэрийнхэн хүүхдээ гадаад руу явуулахад элдэв муу зүйлд орооцолдохвий гэж араас нь санаа зовдог?
-Манай эцэг, эх надад итгэдэг, хүмүүжил маань тийм биш болохоор зүгээр. Бас ажиллаж, аялах виз учраас амар тайван жижигхэн хот руу зуучилдаг. Том, олон хүн амтай хотууд руу явуулдаггүй. Америкийн Төрийн департментаас зохиож байгаа соёлын солилцооны хөтөлбөр болохоор найдвартай, аюулгүй хотуудыг сонгож явуулдаг юм билээ.
-Очсон хотоосоо өөр хотууд руу аялах боломжтой юу?
-Боломж байгаа. Ажил олгогч сайн байвал ойрхон том хот руу явна. Манай ажил олгогч чөлөөт цаг гарахад парк, нуур руу дагуулж явсан. Бас нэг менежерийнхээ гэрт аваачиж, завиар аялал зохиосон. Хамгийн том аялал гэх юм бол Миннеаполис руу хоёр хоногоор явсан. Бас ажлын гурван сар дуусаад аялах хугацаандаа мөнгөндөө тааруулаад дотоодын нислэг захиалаад аялж болно.
-Монголоос өөр ямар улсын оюутнууд байв?
-Биднээс гадна Казахстан, Ямайкийн хоёр охин байсан. Бусад газруудыг сонсож байхад Болгар, Доминикан, Тайланд, Солонгосоос оюутнууд хөтөлбөрт хамрагдаад очдог юм билээ.
-Та хоёрын хувьд гадаад оюутнаас арай дээр юм шиг санагдсан зүйл байгаа юу?
-Хамт явсан охин бид хоёр нөгөө хоёр охиноос тэвчээртэй, тууштай санагдсан. Гэхдээ нэг их ялгаагүй дээ. Ажиллана гээд ирчихсэн байгаа болохоор. Харин үнэнч ажилласан. Халтуурдахгүй ажлаа хийгээд, ирэх цагтаа ирээд, тарах цагтаа тарж байсан.
-Гадаад хоёр оюутнаас авууштай зүйл юу байв?
-Ямайка охин англи хэлтэй, төгс байсан. Харин казахстан охины хувьд хоол сайн хийдэг /инээв/. Талх энэ тэр барьдаг. Халуурахад, шумуулд хазуулахад ээж, аав шиг минь халамжтай хандсан шүү.
-ӨМНӨ НЬ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ-
-Америкт хоол, хүнсний үнэ ямар байсан бэ?
-Намайг дөнгөж очиход бензиний үнэ нэмэгдсэн. Хоол, хүнсний үнэ жоохон л өссөн. Манайх шиг өсөөгүй. Гэхдээ амьдарч байгаа хүмүүс өссөн гэж ярьж байсан. Монголд үнэтэй жимс, ногоо, тахианы мах хямдхан, өргөн хэрэглээний үнэ ойролцоо санагдсан. Авдаг цалинтай нь харьцуулбал үнийн өсөлт бага санагдсан.
-Анхны цалингаа аваад зарцуулах мэдрэмж ямар байв?
-Үнэхээр гоё мэдрэмж. Үгээр хэлшгүй. Өмнө нь ажил хийж байгаагүй. Тэнд очоод ажил хийгээд, цалин аваад, хүссэн юмандаа зарцуулаад, хэнээс ч хараат бус байх маш их таалагдсан. Үрэлгэн хүн биш болохоор сайн хадгалсан. Тэгээд ээж, ааваасаа авсан мөнгөө буцааж өгсөн.
-Гэрийнхэн нь явсан зардлаа эргүүлээд өгөхөд юу гэж хүлээж авсан бэ?
-Анхны ажил байсан болохоор огт төсөөлөөгүй гэсэн. Тэнд аялаад, юм үзээд ирэх байх гэж бодсон чинь найман оронтой мөнгө өгсөнд “шок” болсон.
-Залуу насандаа ингэж гадаад орон руу явах зөв санагдаад байдаг?
-Тийм шүү. Миний хувьд бага зэргийн ууртай, аар саар зүйлд бухимддаг зантай байсан. Америкт хүмүүс ерөөсөө стресстдэггүй. Бүх зүйлийг энгийн хүлээж авдаг. Энэ зүйл хэцүү байна, хүнд байна гэдэггүй. Эелдэг, юмыг хөнгөн хүлээж авдаг байдалд ууссан. Амьдарч байсан хотынхон тусч, ингэе тэгье, хэрэгтэй юм байна уу гээд сайхан сэтгэлээр хандсан. Стрессдэх шалтгаан байхгүй болохоор анх удаа гурван сар тайван амьдарч үзсэн.
-Хичээлдээ хоцроод ирсэн. Багш нар юу гэж хүлээж авсан бэ?
-Хавар явахдаа тэнхимийн багш нартаа хэлсэн. Ер нь хичээлээ тасалдаггүй, өнждөггүй оюутан болохоор хоёр долоо хоног урт хугацаа санагдсан шүү.
-Дахиж явах бодол байгаа юу?
-Ирэх жил арай том хот руу явна гэж төлөвлөөд бүртгүүлчихсэн.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье!
Э.МИШЭЭЛ