БНСУ-ын Сөүл хотноо Монголд үйлдвэрлэв 2022 үзэсгэлэн худалдаа болж байна
Хоёр улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн коридорыг нээн хөгжүүлэх зорилгоор БНСУ-н Сөүл хотод Монгол улсын жижиг дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь Монголчуудын оролцоо арга хэмжээ болж байна. Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, БНСУ дахь Монгол иргэдийн холбоо, Мишээл Экспо ХХК хамтран 2022 оны 10 сарын 5 наас 11-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ 2022” үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд 5 салбарын 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үзүүлэн тавилаа.
Тухайлбал ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, монгол үндэсний хувцас, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн зэргээр төрөлжсөн байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэнд Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Оргилболд, Жижиг дунд үйлдвэрийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Э. Гэрэлзаяа, Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хёнг, Дүндэмүн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ли Тэ Ин, Мишээл экспо ХХК гүйцэтгэх захирал Б. Баяндалай, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д. Баярмандах, Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, Монгол иргэдийн холбооны тэргүүн Э. Ажирсүрэн болон Пунгхуа мужийн төлөөлөгчид ирж оролцлоо. Оролцогчид монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар стандарт, дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг онцолж байлаа. Мөн цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Монголд үйлдвэрлэв 2022 арга хэмжээ энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.