НҮБ Иранд тайван жагсаалын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриаллаа
Иранд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг олон улсын хууль тогтоомжийг зөрчин хүчээр нухчин дарж байгааг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын төлөөлөгчид зэмлэн буруушаагаад, тайван жагсаалын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг Ираны эрх баригчдад уриалжээ.
Өнгөрсөн сард 22 настай Махса Амини гэх бүсгүй нас барсан явдлаас үүдэн эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. М.Амини толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдсанаасаа хойш гурван хоногийн дараа нас баржээ.
НҮБ-ын төлөөлөгчид хэлсэн үгэндээ, Иранд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаад түгшиж байгаагийн сацуу хүүхдүүд амиа алдсан, баривчлагдсан тохиолдол гарч байгаад ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасанигийн мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнийхэн байлдааны сум, металл өөдөс хэрэглэж, зодож цохисны улмаас 23 хүүхэд амиа алджээ.
“Хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн гэрээнүүдийнхээ дагуу Исламын Бүгд Найрамдах Иран Улс хүүхдийн эрхийг хамгаалах, үг хэлэх эрх чөлөө, тайван жагсаал хийх эрхийг хүндэтгэн хамгаалах үүрэг хүлээсэн” гэж Р.Шамдасани мэдэгджээ. Мөн олон тооны жагсагчаас гадна хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгч, уран бүтээлч, сэтгүүлч зэрэг иргэний нийгмийн төлөөлөл болсон 90 орчим хүн баривчлагдсан талаар мэдээлэл ирснийг уламжилсан байна.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар мэдэгдэлдээ, жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаа явдлыг зогсоох ёстойг цохон тэмдэглээд, баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ираны Дээд удирдагч Али Хаменеи үүсээд буй эмх замбараагүй байдалд АНУ, Израилыг буруутгаж, Ираны “ахиц дэвшлийг” зогсоохыг оролдож байна гэж үзэж байгаа аж.