|

Индонез улсад бүх төрлийн сироп, шингэн эмийн худалдааг зогсоолоо

Шалтгаан нь тодорхойгүй бөөрний цочмог эмгэгийн улмаас 99 хүүхэд нас барсны дараа Индонез улс бүх төрлийн сироп, шингэн эмийн худалдааг зогсоолоо.

Эмчилгээний зориулалттай хэмээсэн бүртгэлгүй сиропуудыг шалгаж дуустал уг хориг үргэлжилнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Сиахрилын хэлснээр бөөрний цочмог эмгэгийн 206 тохиолдол илэрсний 99 нь нас барсан бөгөөд ихэвчлэн 6-аас доош насны хүүхдүүд байгаа аж.

Түүнчлэн Баруун Африкийн Гамби улсад 70 хүүхэд ханиаданд хэрэглэдэг сиропны улмаас бөөрний цочмог эмгэгээр өөд болсон гэж ДЭМБ-аас мэдээлээд байв. Тус эмийг Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бөгөөд Шинэ Дели хот дахь үйлдвэрийг нь хаагаад байсан юм.

Maiden Pharmaceuticals Limited компанийн үйлдвэрлэсэн Promethazine oral solution, Kofexmalin baby cough syrup, Makoff baby cough syrup, Magrip N cold syrup гэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас хориглосон байна.Эдгээр бүтээгдэхүүн нь хүний тархи, бөөр, уушгийг гэмтээж болох зөвшөөрөгдөөгүй химийн бодис агуулсан байж болзошгүй ажээ.

Зарим төрлийн будаг, хуванцар, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг этилийн гликол, диэтилийн гликол хэмээх бодис сиропноос илэрсэн гэж Энэтхэгийн ЭМ-ын сайд Буди Гунади Садикин хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *