Сүнсний баяр тэмдэглэх нь шашны ямар нэгэн зан үйл үү?
Сүнсний баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой аж. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.
Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болоод байна.
Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.