Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо хэрхэн барагдуулахыг мэдэж аваарай

Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо хэрхэн барагдуулах тухай зөвлөгөөг хүргэж байна. Албан байгууллага, аж ахуй нэгжүүд гадна орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцах үүрэгтэй.

Тодруулбал, байгууллага, аж ахуйн эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гарвал гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах ёстой юм. Тиймээс эхний ээлжид хохирлоо тухайн иргэн, байгууллагад хандан шаардах нь зүйтэй бөгөөд тухайн иргэн, байгууллага уг хохирлыг сайн дураар барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах шаардлагатай.

Дээрхтэй холбоотой хуулийн заалтыг дэлгэрүүлье. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэд аюулгүй байх орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудлын үндсэн зохицуулалтуудыг “Эрүүл ахуйн тухай” хуульд тусгажээ. Энэ хуулийн 1.1 – д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн байна.

Эрүүл ахуйн тухай хууль:

  • 4.4. Хүн амын суурьшлын хөрс эрүүл ахуйн дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
  • 4.4.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;
  • 13.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
  • 13.1.6. Энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах;

Иргэний хууль:

  • 497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл
  • 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин нийтийн гудамж, талбайн аюулгүй байдлыг хангах буюу халтирч унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг хэнд хамаарах вэ?

Дээр өгүүлснээс бусад талбайн цэвэрлэгээний хувьд Эрүүл ахуйн тухай хуулийн 11–р зүйлд заасны дагуу Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж зохицуулсан байна.

Эрүүл ахуйн тухай хууль:

  • 11 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг
  • 11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
  • 11.1.6. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;

Тиймээс энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын буюу Нийслэлийн засаг даргын эсвэл холбогдох хариуцсан байгууллагын “эс үйлдэхүй” – н улмаас өөрт  хохирлоо шаардах үндэслэлтэй байж болохоор байна. Түүнчлэн чулуун тавцанг явган хүний замд тавьсны улмаас иргэдэд хохирол учирвал энэ нь Нийслэлийн засаг даргад хамаарах асуудал гэж үзэж болно. Учир нь, Эрүүл ахуйн тухай хууль нь “… хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах …” зорилт бүхий хууль бөгөөд хуулийн 11.1.1, 11.1.6 – д заасны дагуу Нийслэлийн засаг дарга аюулгүй орчин, нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах арга хэмжээ авах үүрэг бүхий субьект байна.

Тэгэхээр Сүхбаатарын талбай, Төрийн ордны баруун, зүүн талын болон МУИС-ийн номын сангийн өмнөх замд буюу гялгар чулуун хавтантай газруудад халтирч унан бэртсэн иргэд дээр тайлбарласан үндэслэл, процессын дагуу Нийслэлийн засаг даргаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж улсаас мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй юм. Тиймээс нийтийн эзэмшлийн талбайд халтирч, бэртсэн бол өмнө өгүүлсэнчлэн НЗДТГ-т гомдол гаргах бүрэн үндэслэлтэй.

Хохиролоо барагдуулахын тулд бид хэрхэх хэрэгтэй вэ? 

Хэрвээ та халтирч гэмтсэн бол хамгийн түрүүнд тухайн унасан газраа баталгаажуулан зураг дарах, бичлэг хийх хэрэгтэй. Харин ганцаараа явж байгаад халтирч хүнд гэмтсэн бол эмнэлэг, цагдаагийн тусламж дуудаж уг газарт унаж бэртсэн гэдгээ баримтжуулж болно. Энэ нь тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах эхний баримт болох юм. Харин үүнийхээ дараа хэр их бэртсэн, эмчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар эмнэлгийн магадлагаа гаргуулж, түүнийгээ тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байцаагч таны эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй юм.

Эх сурвалж: Eagle.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments