Твиттерийн хөх тэмдгийг сарын $8-ын хураамжтай ашиглуулах саналыг Илон Маск гаргажээ
Баталгаажсан хаягтай гэдгээ бусдад харуулахын тулд хүмүүсийн ашигладаг Твиттерийн “хөх” тэмдгийг сарын $8-ын хураамжтай болгох санаагаа тэрбумтан Илон Маск илэрхийлжээ.
Твиттерийн хаягт ашигладаг “verified” статусын энэ тэмдгийг өнөөдөр алдартнууд, олон дагагчтай хүмүүс үнэ төлбөргүй авч болдог.Үүнийг төлбөртэй болгох нь хуурамч, бодит бус хаягуудыг цэгцлэх гол арга зам гэж үзэж байгаагаа Маск өчигдөр тайлбарлажээ. Төлбөртэй хэрэглэгчид үүнээс гадна цөөн сурталчилгаа хүлээж авах, зарим үйлдэлд давуу эрх эдлэх боломжтойг тэр бас тайлбарласан байна.
Хэд хоногийн өмнө Илон Маск “хөх” тэмдгийг сарын $20-ын хураамжтай болгох гэж байгаа тухай мэдээ цацагдаж, нэлээд шүүмжлүүлж байв.Тухайлбал алдарт зохиолч Стивен Кинг эсрэгээрээ Твиттер “надад мөнгө төлөх ёстой” гэж твиттер хуудсандаа бичсэн юм. Маск түүнд хариулахдаа “Бид ямар нэг байдлаар төлбөр төлөх ёстой” хэмээн учирлаж байлаа.
Хэдийгээр Твиттер нь олон сая хэрэглэгчтэй томоохон платформ боловч олон жилийн турш алдагдалтай ажиллаж байгаа. Маскийн хувьд үүнийг өөрчилж, ашигтай бизнес болгох хүнд сорилтын өмнө ирээд байна. Тэрбээр Твиттерийн зар сурталчилгааны орлогоос хэт хамааралтай байдлыг нь өөрчилж, хэрэглэгчдээс олдог орлогыг нэмэгдүүлэх зорилготой байгаа нь эндээс харагдаж байна.
Эх сурвалж: BBC