Газ алдагдсанаас сурагчид олноороо хордсон байж болзошгүй
Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт ямар нэгэн хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар тус аймгийн “DBS” телевиз мэдээлжээ.
Сурагчид амьсгал боогдсон, зарим нь ухаангүй, ханиалгасан, нулимс асгарсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, яаралтай тусламж авсан байна. Одоогоор сурагчдад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хэвийн болсон хүүхдүүдийг энгийн тасагт шилжүүлж, хүндэвтэр сурагчдыг үргэлжлүүлэн эмчилж байна.
Мөн биеийн байдал тогтворжсон хүүхдүүдийг ажиглалтын дараа гэрт нь хүргэнэ гэдгийг хэллээ. Сурагчид чухам ямар хийнд хордсон нь тодорхойгүй ч хувцаснаас газ үнэртэж байсан талаар эх сурвалжууд мэдээлэл өгч байна.
Эмнэлэгт нийтдээ том хүн, хүүхэд нийлсэн 60 гаруй хүн хүргэгдэн ирээд байна. Биеийн байдал хэвийн сурагчдын ярьж буйгаар сургуулийн цайны газраас газ алдагдаж, улмаар сургуулийн орчинд тархсанаар ойр орчимд байсан сурагчид амьсгал боогдсон байх магадлалтай байна.
Гэхдээ цайны газарт ажиллаж байсан тогооч нарын зүгээс “Хий цайны газраас алдагдаагүй, бидэнд хамааралгүй” гэдэг байр суурьтай байв.
Эхний байдлаар дэгдэмхий хий алдагдсанаас дээрх ноцтой нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэх таамаг байна. Хий дотроо олон төрөл байдаг учраас ямар төрлийн хий алдагдсаныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс өмнө дүгнэх боломжгүй гэдгийг эмч нар өгчээ.