Их 20-ын чуулганд Путин оролцохгүй, Зеленский зайнаас оролцоно гэжээ
Ирэх долоо хоногт Индонезын Бали аралд дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны төрийн тэргүүнүүд чуулах гэж байна. Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо уг арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг урьж байсан юм.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Их 20-ын чуулганд оролцох магадлал маш бага байгааг өчигдөр мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Путин оролцох магадлал маш бага болсон. Гэхдээ энэ нь чуулганд ОХУ оролцохгүй гэсэн үг биш. Ерөнхийлөгчөөс нь өөр хүн оролцох байх” гэж Индонезын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлсэн байна.
Украины дайнтай холбоотойгоор Их 20-ын чуулганд Путинийг урих эсэх асуудал нэлээд маргаан дагуулсан юм. Украин болон Өрнөдийн зарим орнууд ОХУ-ыг тус бүлгээс хасах саналыг хүртэл дэвшүүлж байв.
Их 20-ын бүлгийн гишүүн хэд хэдэн орны удирдагч хэрвээ ОХУ-ын ерөнхийлөгч оролцвол чуулганд ирэхгүйгээ мэдэгдэж байлаа. Сүүлийн байдлаар 17 орны удирдагч Бали аралд ирэхээ баталгаажуулаад байгаа гэнэ.
Их 20-ын бүлэгт дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 улс болон Европын Холбоо багтдаг. “Ердийн үед чуулганд 17 юм уу 18 удирдагч оролцдог. Харин тайван бус, ороо бусгаа цаг үед ийм тооны төлөөлөгч оролцож байгаа нь сайн үзүүлэлт юм” гэж Индонезын ерөнхийлөгч Видодо өчигдөр мэдэгдсэн байна.
Хэдийгээр Их 20-ын бүлгийн гишүүн биш ч Украин улсын ерөнхийлөгчийг энэ удаагийн чуулганд урьсан юм. Хэрвээ Путин оролцвол тус чуулганд оролцохгүйгээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
Өчигдөр Украины албаны эх сурвалжийн мэдээлснээр бол Зеленский чуулганд зайнаас видео холбоогоор оролцох төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: DPA