|

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр /2022.11.15/ тохиож байна.

Эл өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ.

Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл

  1. Аливаа амьтны амийг үл таслах
  2. Бусдын эдийг үл авах
  3. Эр эмийн үйлийг үл үйлдэх
  4. Худал үгсийг үл өгүүлэх
  5. Элдэв гэмт архийг үл уух
  6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух
  7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх
  8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг болой.

Нэг өдрийн сахил авахын ач тус

Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой .Мөн чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон болой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *