Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулжээ
Ням гарагт Казахстан улсад болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулсан нь тодорхой болжээ.
Урьдчилсан байдлаар тэр сонгогчдын 80 гаруй хувийн саналыг авсан тухай мэдээ ирж байна. Токаев энэ сонгуульд таван нэр дэвшигчтэй өрсөлдсөн юм. Урьдчилсан байдлаар хамгийн олон санал авсан хоёр дахь нэр дэвшигч 5.2 орчим хувийн санал авсан тухай эх сурвалж мэдээлжээ.
Казахстаны 12 сая сонгогчийн 69 хувь нь сонгуульд оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. “Ард түмэн надад итгэл хүлээлгэж байгаагаа тодорхой илэрхийлсэн тул сонгуулийн үр дүнг бид хүндэтгэх ёстой” гэж 69 настай Токаев санал хураалтын эхний дүн гарсны дараа мэдэгджээ.
Байгалийн их баялагтай, худалдааны чухал замын уулзварт оршдог Казахстан улсад энэ оны эхээр амьжиргааны өртөг өссөнтэй холбоотой иргэдийн бослого тэмцэл гарсны улмаас 238 хүн амиа алдаж байв. Тэмцлийг хүч хэрэглэн дарсныхаа дараа Токаев улс төрийн шинэчлэлт эхлүүлэхээ амласан юм.
Өчигдөр буюу Ням гарагт чөлөөт, шударга сонгууль явуулахыг шаардаж, эсэргүүцэл илэрхийлсэн 15 хүнийг Алматы хотод баривчилсан тухай Казахстаны дотоод хэргийн яам мэдээлжээ. Харьцангуй олонд танигдаагүй хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь Токаевын эрх мэдлээ бататгах зорилготой холбоотой гэж зарим ажиглагчид шүүмжилж байна.
Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага OSCE-ийн ажиглагчид “нэр дэвшигчид чөлөөтэй бүртгүүлэх боломж нөхцөлийг үүсгэж чадаагүй” хэмээн Казахстаны эрх баригчдыг шүүмжилжээ.