М.Анхцэцэг нарын дөрвөн туйванч ДАШТ-ийг зориход бэлэн болжээ
Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн Богота хотноо арванхоёрдугаар сарын 4-6-нд болох гэж байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа хангаж байна. “Цэцэг” зочид буудалд 21 хоногийн цугларалтад гарсан манай тамирчид энэ долоо хоногт Дэлхийн аваргыг зорино.
Энэ оны аравдугаар сард Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн.
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн нь Монголын туйванчдын тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.