Сахаровын нэрэмжит шагналыг Украины ард түмэнд гардуулах ёслол боллоо

Европын Холбооны хүний эрхийн гол шагналд тооцогддог Сахаровын нэрэмжит шагналыг Украины ард түмэнд гардуулах ёслол Европын парламентад боллоо. Страсбург хотод зохиогдсон энэхүү арга хэмжээнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цахимаар холбогдон оролцжээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, Европын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа Украины ард түмэнтэй Европын орнууд хамт байгааг Европын парламентын Ерөнхийлөгч Роберта Метсола онцлоод дайны талбарт тулалдаж байгаа Украины зоригт иргэдэд болон дайнд амиа алдсан бүх хүмүүс, тэдгээрийн ар гэрийнхэнд Сахаровын шагналыг зориулан олгож байна гэжээ.

Парламентын танхимд цугласан хүмүүс дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хураасан байна.

Зөвлөлтийн физикч, хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаровын нэрэмжит “Сэтгэн бодох эрх чөлөөний төлөө” шагналыг 50 мянган евро дагалддаг. Энэ шагналыг Украины ард түмэнд олгохыг 10-р сарын сүүлээр шийдвэрлэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *