Б.Намуун: Манай гэр бүл ХБ-наас зээл аваагүй, худал мэдээлэл түгээвэл шүүхэд хандах болно
Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сонсгол ирэх сарын 6-11-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Эл сонсголд 100 орчим гэрчийг дуудсан гэх бөгөөд тэдний дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна түүний хүүхдүүд болох “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Намуун, Баттулгын Номин, Баттулгын Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болсон талаар Хянан шалгах түр хорооноос мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Б.Намуун албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, “Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани нь “Хөгжлийн банкны санхүүжилт бүхий Засгийн газрын төсөл хөтөлбөр”-тэй ямар ч холбогдолгүй бөгөөд төслийн зээлийг аваагүй болохыг дахин мэдэгдэж байна. Энэхүү нөхцөл байдалтайгаар холбоотой олон нийтэд худал мэдээлэл түгээж, бидний нэр хүндэд халдсан тохиолдолд бид МУ-ын шүүхэд хандах болно” хэмээн бичжээ.