|

Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийн төслийн ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.30) хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ. Тодруулбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг  2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс байхаар, хүний эрхийн хамгаалагчид хориглох үйл ажиллагааны зарим зохицуулалтыг хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслөөр нь үлдээх талаар тус тус санал гаргасан байна.

Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл хороондын зөрчлийг арилгах шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзжээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хүний эрхийн хамгаалагчийн хорооны дарга байх тухай ажлын хэсгээс гаргасан саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул хууль хоорондын уялдааг хангаж, зөрчлийг арилгах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсныг танилцуулгад дурдсан.

эцЭТүүнчлэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга” гэсний дараа “хэрэглэж” гэж нэмж, мөн зүйлийн 7.1.2 дахь заалтын “алдар хүнд, нэр төрийг” гэснийг “үйл ажиллагааг” гэж өөрчлөх, төслийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг “13.1.Энэ хуулийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” хэмээн өөрчлөн найруулахаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *