Эргэх төрлийг эдээр засагладаггүй, Тодорсон Богдыг монголын өнцөгөөс шинжихүй
Х Богдоор тодорсон хөвүүний тавилан замын тухай эргэцүүлэл эдгээр өдрүүдийн магтаал сайшаал, магад мөргөн сүсэглэх сүсэгтэн олны, маргаашийн зовлонг тоочих шүүмжлэгчдийн гол сэдэв болж байна. Тэр нь ч зүй.
Учир явдлыг нягтлан хэлэлцэх нь монголчуудын цаашдын оршихуйтай шууд холбогдох тул эл хэргийн үнэн зөвийг шүүн тунгааж, буруу бусчирыг нь шинжин таних учиртай билээ.
Их Эзэн Богдынхоо үйлсээр ертөнцийн ёсоор энэ улс минь энхжин тогтов. Улс гэр энхжинг сахиад самууныг умартваас ертөнцийн ёс алдагдаж, улс төгсөх тоотой. Хэний ямар гэрээслэл, бошго байх энэ үйл явдалд төдий л чухаг бус. Юу чухаг бэ хэмээвэл Богд гэгээнийг тосон авах өлгий нутгийн байр байдал чухаг. Тиймээс Х Богдын нөхцөл байдлыг монголын талаас харахыг хичээн ийн бичиглэж байна.
Гэр гэртээ, удам бүрийдээ хойдын төрлийг тосон авдаг монгол түмэн яагаад мөнгөтэй хүний хүүхэд Богдоор тодров хэмээх балартсан оюунаар ярилцах нь хэр мунхагшсаны илрэл гэлтэй. Эргэх төрлийг эдээр засагладаггүй. Эд хөрөнгө байгаад үхэх, төрөхийг захирдаг нь биш.
Тиймээс хувь ерөөл нь бүрдвээс хүмүүний төрлийг олдог ертөнцийн бүтэх, эвдрэх ёсон буй. Ингэж л хөвүүн хондод мэндэлсэн байлтай. Харин удтал засаг замбараагүй талцан хэмлэлдсэн монгол дахь шашны төлөөллүүд өдий хэр Монголч сургаал номлолыг хөгжүүлсэнгүй нь худлаа биш.
Өндөр Гэгээн Анхдугаар Богд Занабазарын бүтээсэн “Алтан соёмбо”-оос Тэнгэр үзэлтнүүд ч татгалзаагүй нь бас юуны учир байх билээ. Х Богдын заяа тавиланг ганц шашнаар хязгаарлан тархиа царцаах хэрэг үгүй. Учирлавал, номын ёс байгаад ертөнцийн ёсноос давахгүй хэмжээтэй байдаг даа түмэн минь. Тодорсон хөвүүний зам мөр хэдийнэ зурагдсан тавилан болсон нь дамжиггүй. Харин түүнийг тодруулсан үйл явцыг 14-р Далай лам дааж, эрхээ эдэлсэн бол хөвүүний амь насыг хэн даах вэ? гэдэг юун түрүүнд чухал асуулт.
Буй бүхэнд нь шунан суудаг улс байгааг мартаж боломгүй. Бурхан байгаа газарт чөтгөр ч байдгийг санууштай. Тиймээс өнөө хэр нь амаа үдэж суугаа зарим улсууд монголчуудын оюун санааг хэрхэн эзлэн түрэмгийлэх вэ? гэх чөтгөрийн нүүдлээ сэдээгүй биш сэдэж л суугаа. Энэ тохиолдолд олны сануулахаар дааж чадахгүй үйл аваас үхэх л замтай байдаг гэдэгчлэн хүүгийн амь насны аюулгүй байдлыг эзэнгүй болсон төр улс чинь хэрхэн хангах вэ? Наашаа харж эзэн болоод цааш эргээд боол болчихдог хямдхан улс төртэй одоогийн аюултай нөхцөлд балчир хөвүүний мэнд байх эрхийг хэн даах билээ? Сэтгэл эмтлэм сануулга ч гэлээ энэ эрсдэлийг хараалж чадах ухаан Х Богдын ар гэрт хэрэгтэй болж байна.
Хүүг нь Богдоор тодруулсан явдалд эцэг эх нь тийм ч таатай хандаагүй гэлцэх. Тэдэнд ч бас хүүгийнх нь хүүхэд нас эрхэм нандин. Гэвч тамгалуулсан бол тамга ор мөргүй арилдаггүйг цагийн эрхэнд гэр бүл нь ч ойлгосон биз.
Тиймээс Х Богд нь төрүүлсэн удмынхаа өмч байх утга эхэнд харагдана. Удаахьд шашны байгууллага өмчлөөд эхэлбэл ямар үр дүн гарах вэ? Тиймээс Х Богдыг дан ганц шашны өмч гэж үзвэл зүйд нийцэхгүй. Харин монгол үндэстний өмч хэмээн хараалах нь нэгдэлгүй цалгардаж байгаа энэ улсад минь тустай байх нь мэдээж биз. Улмаар түвдийн баглаа, базуурт орчих вий гэх эмээлтээс ч ангид байх нөхцөл бүрдэнэ. Түвдийн бурхан шашин тусдаа хэрэг, харин монголынх бүр тусдаа.
Хэрвээ Х Богдыг монгол үндэстний өмч байлгая гэвээс өлгий газар нутгийн хөрстийн эзэд, нявдаг савдаг, лус шивдгүүдтэй ч уусалцан нэгдүүлэх сурлага хэрэгтэй. Хөрстөө мэдрээгүй Богдод Тэнгэрийг таних ухаан суухгүй. Тиймээс Тэнгэртэй түмний оюун санаанд хэрхэн нийцэх вэ гэдгийг чухалчилсан цагт нийгмийн сэтгэл зүйд нийцтэй хэрэг болох буй. Нэг л хатуу үнэн бий. Тэр нь Богд хэмээгч нь нийт улсын үйл лайг үүрэх тавилантай юм. Гээд энэ бүгдийг тохируулах тохируулгыг хэн хийх вэ?
Харин саях хүүгийн оролцсон 14-р Далай ламын номын айлтгаварын тухайтад бас өгүүлэхгүй бол болохгүй нь. Их Хар явдалт хэмээх дээд их ядам Дэмчиг бурхан буюу Дүвчин Нагвочода хэмээх бурханы авшиг ерөөлд Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам Х Богдыг урин залжээ. Энэхүү бурханыг VIII Богд Жавзандамба бээр Чойжин ламын сүм музейд сэтгэлчлэн бүтээлгэсэн гэдэг. Тиймээс урьд урьдын төрлийн ерөөл авшиг соёрхож буй үйл явдал болжээ. Хэт явцуурхан Далай лам, түвдийн хамаарлыг мугуйдлан наах нь зохимжгүй шиг.
Хар усан бар жилд монголчуудын тусгаар тогтнолын төлөөх үйлдэл сэрэхүй хүчтэй хөдлөв. Харин морилон саатсан усан туулай жилийн дэгдэлт сонихон хийгээд түүхэн үйл явдлаар эхэлж байгааг ашдын бэлгээ бодон сайнаар тайлах нь Монгол хүмүүний ухаан буй за. Түүхээс иш татан хар цагааныг дэнслэх гэхдээ өөрөө өөрийгөө барж байгаа монголчууд хэзээ сайнтай, муутайгаа, нэгэн цуг бүхлээрээ байж гэмээнэ Монголын түүх бүтэн болж байгааг сэхээрэх юм бэ. Дүрээ харуулах төдийд дүрэлзсэн гал асааж байгаа хөвүүн заяатны сүлд хийморь өөдөө байх болтугай.
Төгсгөлд нь бичихэд Х Богд тодорсон нь сайшаалтай, харин түүнийг монгол голчтой, монголын Богд байлгах ухаан Богдын эх, эмэг эхээс шууд хамааралтай ойлголт юм. Ээжүүдийн сэтгэл зүрх, тархи оюун, бие хэлэмж хэдий хэрээр Монголыг сэтгэнэ, багтааж чадна тэр хэрээр хүүгийн үйл хэрэг өөдлөх хүй хэвлийн хамаарал хаа холдох аж.
СЭТГҮҮЛЧ Э.ДӨЛГӨӨН 2023.03.11
Богд маань хэрхэхийг Монгол түмэн маань харж байгаа даа.