Цахилгаан хязгаарлахдаа тулсан шалтгаан
Монгол Улс хамгийн сүүлд томоохон дулааны цахилгаан станцаа шинээр 1980-ээд оны дундуур барьж дууссан. Түүнээс хойш томоохон дулааны цахилгаан станц огт баригдаагүй байсаар өнөөдөр цахилгаан хязгаарлах дээрээ туллаа.
ДЦС-5 буюу шинэ эх үүсвэр баригдах асуудал аль 1990 оноос хойш яригдсаар өнөөг хүртэл хэрэгжиж чадсангүй. Уг нь 1990 он гэхэд шинэ ДЦС-ын судалгааг дуусгаж Улиастайн голын хөвөөнд барихаар газрыг нь хүртэл товолсон байдаг.
1990 оноос хойш байсан хэдэн станцуудаа засч сайжруулах дээр төвлөрч байсны зэрэгцээ эдийн засгийн уналтаас болоод эрчим хүчний хэрэглээ ч буурсан. Үүнээс болоод Улаанбаатар хотод дулаан цахилгааны шинэ эх үүсвэр барих асуудал нэг хэсэг намжсан.
2000 он гарсаар эдийн засгийн өсөлт сэргэж эрчим хүчний хэрэгцээ хэмэгдсээр асуудал дахин боссон. Эрчим хүчний салбар хувийн хэвшлийн оролцоо бараг байхгүй ер нь бол хуучны социализмын тогтолцоо хадгалагдсан салбар. Одоо хүртэл тийм байгаа. Бүх юмыг улс хийх ёстой, улсын мөнгөөр шийдэх ёстой гэсэн сэтгэлгээ ноёрхсоор 2008 он хүртэл шинэ ДЦС барих асуудал нь улс мөнгө хаанаас олох вэ гэдэг асуудад очиж тулаад шидэгдэж чадаагүй. Ийм том хэмжээний хөнгөлөлттэй зээл өгөх улс, олон улсын банк олдохгүй, нөгөө талаас манай улсын зээлжих хэмжээ нь ч ийм зээл авч чадахгүй байдалтай байсан. Дандаа Монгол Улсад гадны засгийн газар, олон улсын байгууллага өгдөг хөнгөлттэй зээл, тусламжийн мөнгөөр ажиллаж сурсан энэ салбар нь өөрөөр яаж хөрөнгө татаж болохоо ойлгохгүй байсаар 2008 он хүрсэн.
Харин 2008 онд анх удаа энэ салбарт зарчмын өөрчлөлт гарсан. Хувийн хэвшлийн хөрөнгөөр шинэ эх үүсвэр барих, барьсан эх үүсвэрээс нь улс дулаан цахилгаан худалдаж авах тендерийг тухайн үеийн Эрчим хүчний яам зарласан. Нэг биш олон эх үүсвэр баригдаж хоорондоо өрсөлдөхийн хэрээр үнийн өрсөлдөөн бий болж энэ салбарт өрсөлдөөнт зах зээл үүснэ гэдэг ойлголт давамгайлсан. Харамсалтай нь 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал нүүрэлж ганцхан Хятадын төрийн өмчийн компани тендерт оролцож санал өгсөн. Өрсөлдөөнгүй тендер байх боломжгүй учраас цуцлаад дахин судалгаа явуулахаар болсон.
Ийнхүү Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр шинэ эх үүсвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, газрыг сонгох ажил явагдсаар шинэ тендер 2011 зарлагдсан. Тэр хооронд шинэ эх үүсвэрийг Улиастайн аманд барих төлөвлөгөөг Улаанбаатар хотын захиргаа эсэргүүцэж байршлыг нь сольсон. Цэвдэгтэй, газар хөдлөлийн аюултай бүсэд байгаа гэх мэт шалтаг хэлж байсан ч хотын удирдлагуудын ашиг сонирхол орсон байр байшин барих хувийн төсөл нь яг хажууд нь байсан тул эсэргүүцсэн гэж яригддаг.
Үүнээс болж шинэ эх үүсвэр хотын баруун тийш нүүж, 3-р дулааны цахилгаан станцыг шинэчлэх төсөл болж хувирсан. Энэ төслийн дагуу олон жил болж хуучирсан нам даралтын хэсгийг нь буулгаж шинэ эх үүсвэр барьж, хэдэн жилийн дараа өргөтгөл хийсгээр нийтдээ 450 МВт хүчин чадалтай шинэ эх үүсвэр босох байлаа. Улаанбаатар хотын дулааны хангамжийг бүрэн шийдэхийн зэрэгцээ Монгол Улсын цахилгааны хэрэгцээг бүрэн хангаж экспортоор ОХУ-аас цахилгаан авах шаардлагагүй болох байсан.
2011 тендер зарлагдаж анх удаа энэ төсөл нь дэлхийн томчуудын анхаарлыг татсан. Солонгосын Самсунг, Японы Сожиц, Европын Жи-Ди-Эф Сүэц, Хятадын Датанг зэрэг энэ салбарын томчууд бүгд тендерт оролцсон. Үүнд үндсэн гурван шалтгаан байсан. Нэгд, тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт оргил цэгтээ хүрч 17.5 хувьтай байсан тул уул уурхай дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх сонирхол маш өндөр байсан. Хоёрт, Азийн Хөгжлийн Банкнаас тендерийн баримт бичгийг олон улсын түвшинд боловсруулахад тусалсан. Гуравт, Монгол Улсын эдийн засаг жижиг, цахилгааны үнэ олон улсын зах зээлтэй харьцуулвал харьцангүй доогуур учраас Азийн Хөгжлийн Банкнаас хөнгөлттэй зээл өгнө гэдгээ зарласан. Хөнгөлөлттэй зээлийн улс биш хувийн хэвшил авч өөрөө эргэн төлөхөөр байсан.
Тендерт Европын хамгийн том, дэлхийн түвшний компани болох Жи-Ди-Эф Сүэц компани тэргүүлсэн консорциум ялсан. Тус консорциумд Японы Сожиц, Өмнөд Солонгосын Поско, Монголын Ньюком оролцож байсан. Гадаадын компаниуд нь бүгд дэлхийн хэмжээнд нэр хүндтэй аваргууд байсан бол Монголын Ньюком нь Мобикомын хөрөнгө оруулагч, 50 МВт хүчин чадалтай салхины цахилгаан станцыг Монгол Улсад анх удаа барьж байгуулсан гэх мэт Монголдоо л технологийн салбартаа тэргүүлэх аж ахуйн нэгж байсан. Энэ консорцуим 2012 онд концессийн гэрээгээ байгуулж шинэ эх үүсвэр барих ажилдаа орсон.
Яг энд л манай Монголд хэвшил болсон эмгэнэлт түүх эхэлдэг. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам ялж, МАХН-тай эвслийн засгийн газраа байгуулсан. Эрчим хүчний сайдаар М.Сономпил очсноор энэ салбарт АН доторх МҮДН фракц ноёрхлоо тогтоосон. Харин түүний ард жинхэнэ нууц ноён Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Хөгжлийн банкны ноёноор очсон Фортуна Батбаяр байсан.
Яагаад МҮДН энэ салбар руу зүтгээд байсан гэхээр Багануурт Хятадын төриын өмчийн компанитай цахилгаан станц барих төслийг Фортуна Батбаяр болон Худалдаа хөгжлийн банкны болон нөгөө Ц.Нямдоржийн “хайгаад” байдаг эзэн Сахал Эрдэнэбилэгтэй тохирсон
Үүнээс болж Багануурын цахилгаан станцид өртөг хямдтай өрсөлдөгч үүсгэх сонирхолгүй, өөрийн цахилгаанаа өртөг өндөр зарах гэсэн юм болов уу гэсэн таамаг байдаг. Эсвэл гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулахгүй гэсэн бодлогод автагдсан юм болов уу? Аль аль нь л байсан байх. Ер нь шуналын ухаан богино шүү дээ.
Өөр нэг шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Эдийн засгийн яамны сайд Фортуна Батбаяр Хөгжлийн банкаас бараг 100 сая ам долларын санхүүжилт хийж Амгалангийн дулааны станцыг М.Сономпил сайд барьсан. Дулааны станц гэхээр олон нийт томоор ойлгоод байдаг. Уг нь бол томхон уурын зуух л даа. Монгол улс уурын зуухаас том хосолсон эх үүсвэр руу шилжээд нэг бүхэл бүтэн үе болсон олон арван жилийг туулаад байхад эргээд уурын зуух барьсан. Яагаад хувийн хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр улсаас нэг ч төгрөг гаргалгүй том эх үүсвэр бариад ажиллуулъя гэхээр бариулахгүй мөртлөө улсын төсвөөс, Хөгжлийн банкнаас 100 сая ам. доллар гаргаж хятадуудаар уурын зуух бариулдаг шалтгаан бас л тодорхой. М.Сономпил сайд яг энэ төсөл дээр авилгалын хэргээр “аавын хаалга” татаад үзсэн.
Эцсийн дүндээ эдгээр шалтгаанаас болж ДЦС-5 төслийг зориудаар боож боомилсоор 2016 оны сонгууль хүргэсэн. Энэ хооронд ДЦС-5 ч бариулахгүй, Багануурын цахилгааны станцаа барих ч үгүй байтал 2016 оны сонгууль болсон.
2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгиын газрын Эрчим хүчний сайдаар томилогдсон Ганхүү томчуудын хэрүүлд орох сонирхолгүй байв уу, өөр шалтгаан байв уу шинэ эх үүсвэрийн асуудлыг хөндөхгүй байсаар Засгийн газартайгаа хамт огцорсон.
Харин түүний оронд очсон Ц.Даваасүрэн ажлаа аваад удаагүй байхдаа нэг телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Уг нь бол ДЦС-5 төсөл нь илүү үр ашигтай, хэрэв би өөрөө шийдэж чаддаг бол Багануур биш энийг л явуулна” гэж ярьснаа 2017 онд бүр энэ төслийн амыг нь барьсан. Ганхүү ч, Ц.Даваасүрэн ч шинэ эх үүсвэр барих ажлыг эрчимжүүлээгүй, дутуу байсан гэрээ баримт бичгийг байгуулж өгөхгүй байсаар 2017 онд энэ төслийг зогсоож байгаагаа зарласан. Нэг мөр шинэ эх үүсвэр барих боломжийг “алсан” гэсэн үг л дээ.
Яагаад “алсан” гэж? 2012 онд концессийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш хөрөнгө оруулагчид бараг 20 сая доллар зарцуулсан боловч Монголын тал элдэв шалтаг шалтгаанаар ажлыг нь эхлүүлэхгүй байсаар гарцаагүй байдалд оруулсан. Гэхдээ хэрэв Монголын тал эрчимтэй дэмжсэн бол хөрөнгө оруулагчид энэ ажлаа үргэлжлүүлэх байсан. Яагаад гэвэл энэ хооронд дэлхий ертөнц үндсэндээ нүүрснээс татгалзаж эхэлсэн. Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос гадаадад баригдах нүүрсний станцуудад санхүүжилт олгохгүй гэдгээ зарлаж эхэлсэн. Энэ төслийн гол дэмжигч Азийн хөгжлийн банк ч мөн адил. Гэхдээ шинээр төслүүдэд санхүүжилт олгохгүй харин өмнө гарын үсэг зурсан, эхэлсэн төслүүдийг үргэлжлүүлэх боломж байсан. Хөрөнгө оруулагчид ч гэсэн нэгэнт л асар их цаг, хөрөнгө зарцуулсан учраас энэ төслөө дуусгах сонирхол ихтэй байснаас гадна хэдий дэлхий ертөнц нүүрснээс татгалзаж байгаа ч гэсэн нүүрсний дулааны цахилгаан станц нь урт хугацааны ашиг сайтай төсөл учраас сүүлийн боломжийг нь алдах сонирхолгүй байв. Харин төслийг хааснаар энэ боломж бүрмөсөн хаагдсан. Дахин сэргэхгүй болтол нь “алсан”.
Ц.Даваасүрэн энэ төслийг албан ёсоор хаасан сайд нь болсон. Харин тун удалгүй яг түүнтэй адил төслийг ОХУ-аас зээл авч хийхээр яриа хэлэлцээ эхлүүлснээ тэрээр зарласан. Ц.Даваасүрэнгийн зарласнаар бол ОХУ-аас зээл Монгол улс аваад ДЦС3-ыг үе шаттайгаар шинэчлэх байсан. 2017 онд эхэлсэн энэ яриа хэлэлцээ одоо ч дуусаагүй. Одоо дайн дажин хийж байгаа оросууд тийм зээл өгөх эсэх бүр ч бүдэг тодорхойгүй болсон. Бараг өгөхгүй гэдэг нь тодорхой.
Харин Монгол Улс маш хүнд байдалд энэ хэдэн сайд нарын “ач” гайгаар орсон. АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос нүүрсний станц шинээр барихад зээл, тусламж, ямар нэгэн санхүүжилт олгохгүй гэдгээ зарласан. Хятадын дарга Ши бас НҮБ-ын индэрээс 2021 онд зарласан. Манай хамгийн гол эдийн засгийн түншүүд ингэж зарлаад байгаа нь хувийн хэвшил ч, Монгол улс ч нүүрсээр галладаг станц баръя гэвэл зээл олдохгүй, экспортын даатгал олдохгүй байдалд хүргэлээ.
Наанаа Багануурын станцыг явуулах хувийн ашиг сонирхлын үүднээс, бүр ухаж харвал Монголд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг шахаж зайлуулах сонирхлын гар хөл нь болсноос болж өнөөдөр Монгол улс цахилгааны хязгаарлалтанд орж байна.
Хулхи “эх орончид” эх орноо хорлосоор байгаа бодит түүх энэ. Үүнээс нэг л гарц байгаа. Нэгэнт гаднаас хувийн хөрөнгө оруулалт, зээл нь олдохгүй ойлгомжтой болсон тул Улаанбаатар хотод дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг концессийн эсвэл өөрийн хөрөнгөөр барихаа Монгол улсын Засгийн газар зарлах ёстой.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц удахгүй ашиглалтанд орж цахилгаан нийлүүлнэ. Харин нийслэл хотын дулааны хангамжаа шийдэх, нэг эх үүсвэрээс дэндүү хамааралтай байхаас сэргийлэх, цахилгааны зах зээлд өрсөлдөөн үүсгэх үүднээс шинэ эх үүсвэрээ барьж эхлэнэ гэдгээ Засгийн газар өнөөдөр зарлах ёстой.
Нэрээ нууцалсан эх сурвалжаас нийтлэв