Түр хүлээгээч Монголчууд аа!
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино хугацаанд хийж болох ажлуудын нэг нь уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах оновчтой төлөвлөх. Энэ хүрээнд хэд хэдэн уулзварыг эргэлтийг хориглож нэг чигийн урсгалтай болгосон нь эхнээсээ үр дүнгээ өгч буй.
Харин өнөөдрөөс олны нэрлэж заншсанаар Нарны гүүр орчмыг нэг чигийн урсгалаар зорчуулж эхлэв. Туршилтын дөнгөж эхний өдөр. Жолооч нарын зарим нь мэдээлэл аваагүй, иргэд ч шинэ зүйлд дасаагүй байна. Үр дүн 7-14 хоногт гарна. Энэ нь ч судалгаа тооцоотой. Гэтэл манайхан “Энэ шийдэл бүтэхгүй нь, болиулъя” гэж сошиалд халаглацгаав. Уг нь уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах нь судалгаа тооцооны үндсэн дээр хийгдэж буй.
МТС буюу хуучнаар Механик инженерийн сургуулийн уулзварын хойноос буцаж эргэлт хийдэг байх үед Цагаан хаалганы уулзвар хүртэл ачаалал үүсч, Чингисийн өргөн чөлөө баруунаас зүүн түгжирдэг нь судалгаанаас харагджээ.
Мөн МТС-н уулзварын хойноос буцаж эргэлт хийх, эгнээ байр эзлэхэд их хугацаа зарцуулдаг тул Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг ч хүлээж авч чаддаггүй. Энэхүү уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд урагш нэвтрүүлэх орон зай байхгүйгээс хотын төвийн бусад гудамж замд түгжрэл үүсгэдэг гэж үзсэн юм.
МТС-н уулзварын хойноос 2000 тээврийн хэрэгсэл цагт нэвтэрч байгаагаас 687 тээврийн хэрэгсэл буюу 34.3 хувь нь буцаж эргэдэг, 308 тээврийн хэрэгсэл буву 15.4 хувь нь Зүүн эргэдэг, 254 буюу 12.7 хувь нь баруун эргэдэг, 751 буюу 37.6 хувь нь чигээрээ зорчиж байна.
МТС-н уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчилснөөр:
- Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29,9%-иар нэмэгдэнэ.
- МТС-н уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.
- Хөдөлгөөн зохицуулалтын тоо:
- Баруун 4 замын уулзвар 298, Өгөөжийн уулзвар 298, МТС-н уулзвар 867, Цагаан хаалганы уулзвар 166 байгаа нь багасаж тэнцвэртэй зорчилт бий болно
- Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасана.
Тиймээс туршилтын 7-14 хоногийн хугацаанд жолооч нар мэдээлэлтэй болж, шинэ нөхцөлд дасна. Шүүмжлэхээсээ өмнө түр хүлээ, Монголчууд аа!