Орон сууцны хороолол, хотхонд чанаргүй шугам тавьсан компанид хариуцлага тооцно
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлантай танилцаж, тухайн орон сууцнуудын контор, СӨХ-ны төлөөллүүдтэй уулзлаа.
20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон.
Тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсгийг байгуулан, орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт, шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлжээ.
УБЗАА-ны Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл:
-Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологийн дээж авч шинжилсэн. Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн.
Удаа дараа өгсөн усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй.
Зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойгоос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.
2022 оны есдүгээр сард орон сууцны хорооллын ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн.
Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойгоос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.
Тэгэхээр “Пума констракшн” ХХК , “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна гэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн. Үүний дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Ус дамжуулах хоолой стандартын шаардлага хангаагүйгээс ийм асуудал үүссэнийг Ажлын хэсгийн тайланд онцолж байна. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.
Түүнчлэн ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй хоолой, орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай
Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцохоос өөр аргагүй болж байна. Үүнээс гадна 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад асуудлыг шийдэх арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгж, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Түүнчлэн ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй хоолой, орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр онцолж байсан юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс