Улаан гоёог их хэмжээгээр түүж, устгаж байна хэмээн түгсэн мэдээлэл “ХУДАЛ” гэв
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улаан гоёо ургамлыг түүж, бэлтгэх зохицуулалтын талаар мэдээлэл өгөв. БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:
“Олон нийтийн сүлжээнд байгалийн ховор ургамал буюу улаан гоёог их хэмжээгээр түүж, бэлтгэж устгаж байна гэх мэдээлэл гараад буй. Байгалийн ургамлыг түүж, бэлтгэхтэй холбоотой харилцааг байгалийн ургамлын тухай хуулиар зохицуулдаг. Улаан гоёо Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон. 2017 оноос хойш уг ургамлыг түүж, бэлтгээгүй. Тиймээс олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээлэл нь ташаа. БОАЖЯ-наас ховор ургамлыг байгалиас нь түүж бэлтгэх бус тарималжуулж, үрийн нөөцийг бэлтгэхээр хамгааллын арга хэмжээ авч, Говь-Алтай аймагт улаан гоёо, хармагийн үрийн нөөцийг бэлтгэх ажлыг 2020 оноос хойш хийж байна” гэв.