Мексикт автобус хавцал руу унасны улмаас 18 хүн нас баржээ
Мексик улсын баруун хэсэгт оршдог Наяарит мужид автобус хавцал руу унасны улмаас 18 хүн нас барж, 33 хүн бэртсэн талаар орон нутгийн албан тушаалтнууд ням гарагт (2023.04.30) мэдээлсэн байна.
Наяарит мужийн прокурорын тамгын газар мэдээлснээр тэрхүү автобус бямба гарагийн (2023.04.29) орой Тепик хотоос Пуерто Валларта дахь жуулчны бааз руу явж байхдаа замаасаа гарч, 15 метрийн гүн хавцал руу унасан аж. Прокурорын тамгын газар хийсэн мэдэгдэлдээ “Бид осол гарсан мөчөөс эхлэн холбооны болон засгийн газрын албаныхантай холбогдон хохирогчдод тусламж үзүүлэх ажиллагааг яаралтай шуурхай эхлүүлсэн” хэмээсэн юм. Ослын улмаас 11 эмэгтэй, 7 эрэгтэй харамсалтайгаар амь үрэгдсэн бөгөөд бэртсэн 33 хүнээс 11 нь хүүхэд байжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ