Хөхний хавдрын оношилгоо, эмчилгээнд Германы эмнэлэгтэй хамтран ажиллана
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг ХБНГУ-д айлчлах үеэрээ Германы хавдрын хамгийн том төвийн нэг Хелиос Клиникум Берлин эмнэлэгт зочилж тус эмнэлгийг Монгол улсын Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвтэй хамтын ажиллагаатай болгох тухайд хэлэлцэж тохирчээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хелиос Клиникум Берлин эмнэлгийн Эмэгтэйчүүд болон төрөх эмнэлгийн дарга профессор Унч, Эмнэлгийн тусламж, гадаад харилцаа хариуцсан захирал Моника Сурянши нартай уулзаж, Монгол-Германы хоорондын Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр болоод Монгол дахь хөхний хавдрын нөхцөл байдал, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж, Монгол эмч нарыг Германд сургах, Герман мэргэжилтнүүдийг Монголд урьж сургалт хийх тухайд харилцан тохиролцсон байна. Хелиос Клиникум Берлин эмнэлэг бол Герман дахь хавдрын хамгийн том төвийн нэг бөгөөд Герман даяар 30 салбар эмнэлэг, судалгаа шинжилгээний төвтэй, жилд 50 мянга гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг, 150 мянган гаруй үйлчлүүлэгчийг амбулаториор үздэг том сүлжээ эмнэлэг аж.
Тус эмнэлгийн хөхний хавдрын төвийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтыг ашигласан, эмнэлгийн дэргэдэх сургалт, судалгааны төвүүдэд олон улсын эмч, мэргэжилтнүүд дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх боломжтой юм байна.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2011 онд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдаж өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон хэдий ч хэлэлцээрийн заалтууд бүрэн хэрэгжихгүй өнөөг хүрчээ. Тийм ч учраас тэрээр гүйцэтгэх засаглалын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй парламентын гишүүний хувьд гэрээ хэлэлцээрийн дагуу хийгдэх ажлыг ийнхүү сэргээж байгаа тухайгаа өөрийн сошиал хуудастаа бичсэн байна.