|

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” олон улсын аяныг 10 дахь жилдээ тэмдэглэлээ

Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага /OECD/-аас санаачилсан хүүхэд, залууст санхүүгийн мэдлэг түгээх “Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” олон улсын аяныг манай улс 14 хоногийн турш амжилттай хэрэгжүүллээ. Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг тус аянд өдгөө 176 орон нэгдээд байгаа бөгөөд манай улс 2013 оноос эхлэн тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

Санхүүгийн боловсрол нь хувь хүн, өрх гэр бүлийг мөнгөө оновчтой удирдах, зардлаа хэмнэж, хуримтлал үүсгэх, санхүүгийн зөв шийдвэр гаргах, залилан луйврын хохирогч болох эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх зэрэг олон эерэг чадварт суралцуулдаг. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлдэг учраас санхүүгийн боловсролыг бага наснаас нь төлөвшүүлэхэд энэхүү аяны зорилго оршдог. Үүний тулд зөв хандлагад чиглэсэн уриалгыг дэвшүүлдэг онцлогтой. Энэ жилийн хувьд “Санхүүгээ зөв удирдаж, ирээдүйгээ бүтээцгээе” гэж уриалсан нь байгаль орчин болон эдийн засгийн тогтвортой байдлын төлөө хүн бүр ухаалаг хэрэглээг сонгохын ач холбогдлыг ойлгуулахад чиглэв.

Манай улс энэхүү уриалга дор орон нутгийг хамруулсан үйл ажиллагааг зохион байгуулж, “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт” үндсэн агуулга бүхий сургалтууд зохион байгуулж, хүүхэд залуучуудын дунд сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Энэ жилийн аяны үйл ажиллагааг хааж,  “Санхүүгийн мэдлэгийн ач холбогдол” сэдвийн хүрээнд хүүхэд залуучуудтай уулзалт хийв.

Энэхүү уулзалтад Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл, Өсвөрийн Улаан загалмайчид нийгэмлэгийн гишүүд болон 115 дугаар сургууль, Оюунлаг, Шинэ-Ирээдүй сургуулийн сурагчид хүрэлцэн ирлээ. Энэ үеэр Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул “Санхүү боловсролтой хүний давуу байдал”, ХААН банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар “Ногоон орчныг бүтээх ба санхүүгийн боловсрол”, “Ашид Ассет Менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А. Батпүрэв “Манай улсын иргэдийн санхүүгийн боловсролын түвшин”, дуучин, илтгэгч Б.Гантулга “Хуримтлал үүсгэх нь яагаад чухал вэ” зэрэг илтгэлийг танилцууллаа.

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аяныг Монгол Улсад зохион байгуулахад Монголбанк анхлан санаачилж, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран оролцдог бөгөөд аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагууд жил бүр нэгдсээр байна. Энэ жил Лемон пресс, Монпэй, Цэцээ гүн ротари клуб хамтарлаа.

.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments