Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 285,366,128 төгрөгийн үнийн дүн бүхий 1,224,061 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Улаансан ХК (UNS +14.94%), Увс чацаргана ХК (CHR +14.91%), Хишиг уул ХК (HSX +14.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.81%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.07%), Монгол шевро ХК (MVO -11.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,666 ширхэг нэгж эрх 3,990,174 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаасыг 1,000,000 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 300,356,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.46% хувиар буурч, 35155.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,366,477,731,244 төгрөг боллоо.
Эдийн засаг өссөн боловч өрөөр санхүүжүүлж байна (Bloombergtv.mn)
Төсвийг зориулалтын бусаар зарцуулсан бол албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын санкцыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анх удаа оруулж өгч байгааг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллээ. УИХ-ын нэр бүхий 32 гишүүн төсөвтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтад олон нийтийн санал авах, хэлэлцүүлгийг бүх засаг захиргааны нэгжид хийдэг болох юм байна. Мөн төсвийн тусгай шаардлагыг хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд УИХ-ын бүх гишүүдийн ирцтэйгээр өөрчлөлт оруулах боломжтой болно.
“ХААН банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 90 хувь давлаа (Bloombergtv.mn)
ХААН банкны анхдагч зах зээлийн арилжaаны захиалгын явц эхний дөрвөн цагт 90 хувь давсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. 170 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын захиалга 9000 орчим хөрөнгө оруулагчаас ирээд байгаа аж. Анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр болсон бөгөөд ийнхүү ХААН банк IPO хийсэн системд нөлөө бүхий гурав дахь банк болохоор байна. Нийт гаргасан хувьцааны 10 хувийг буюу 191.2 сая ширхэг хувьцааг нийтэд буюу анхдагч зах зээлд санал болгон арилжина. Олон нийтэд санал болгож буй хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд, нэгж хувьцааг 959 төгрөгөөр санал болгож байгаа юм. IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд тус компани ирэх жилүүдийн орлого ашгийн төсөөллийг гаргасан байна. Ерөнхийдөө банкны түүхэн өсөлтийн түвшинтэй харьцуулахад бага, харьцангуй консерватив таамаглал болсон гэж хэлж болохоор байгаа юм. 2023 онд татварын дараах цэвэр ашгийг 360.4 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 11 хувиар, 2024 онд өмнөх оноос 9.4 хувиар өсөж, 394.5 тэрбум төгрөг, 2025 онд харин 421.7 тэрбум төгрөг болно гэж төсөөлсөн байна.
БНСУ “Google”-д өрсөлдөгчөө шахан гаргасан хэргээр $32 саяын торгууль ногдуулав (Bloonbergtv.mn)
БНСУ “Google”-ийг давуу байдлаа ашиглан дотоодын “One Store” өрсөлдөгч аппликейшнийг зах зээлээс шахан гаргахыг оролдсон гэж үзэн толгой компани болох “Alphabet”-д 32 сая ам.долларын торгууль ногдууллаа. Энэхүү үйл явдал хилийн чанадад үйл ажиллагаагаа тэлэх бодлого барьж байгаа “Google” компанид гаднын байгууллагууд хяналт тавих нь нэмэгдсэнийг харуулж байна. Харин “Google”-ийн дээрх саналаас үүдэн “One Store” хэрэглэгчдийг татаж чадалгүй борлуулалт нь буурсаар 2018 онд хаагдсан хэмээх гомдлыг Шударга өрсөлдөөний газар гаргасан байна. Мөн энэ хооронд “Google”-ийн орлого 1.8 орчим их наяд воноор өссөн хэмээн мэдээлжээ. Дээрх мэдэгдэлд БНСУ-ын гар утасны аппликейшний зах зээлийн дөрөвний гурвыг эзэлдэг “Google” няцаасан хариу өгөөд байна. Тус компанийн зүгээс “Тийм санал тавиагүй, мөн хууль зөрчөөгүй болох”-оо мэдэгдээд байна. Үүнээс өмнө “Google” олон улсаас Их Британи болон БНЭУ-д хэд хэдэн үндэслэлээр торгууль хүлээж байсан юм.
АНУ-д суурь инфляц үл ялиг саарсан ч Төв банк нь бодлогын хүүгээ өсгөхөөр байна (Bloombergtv.mn)
Гуравдугаар сард АНУ-д инфляцын эрч саарсан ч эрчим хүч болон хүнсний үнийн өсөлтийг хасаж тооцдог суурь инфляц 5.6 хувьд буюу өндөр түвшинд хадгалагдлаа. АНУ-д гуравдугаар сард хүнс, эрчим хүчний үнийг оруулаагүй суурь хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Хоёрдугаар сард суурь хэрэглээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсөж байсантай харьцуулахад энэ нь инфляц тогтворжиж буйн дохио болж байна. Тус улсын инфляцын гол үзүүлэлт үнийн өсөлт гуравдугаар сард харьцангуй тогтворжсоныг харууллаа. Хэдий тийм боловч энэ нь Холбооны Нөөцийн банк ирэх сард бодлогын хүүг дахин өсгөхийг зогсоож чадахгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын хөдөлмөрийн статистикийн хорооны тайлангаас харвал орон сууцны түрээсийн өртөг сарын дүнгээр сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн бага хэмжээгээр өсжээ. Түүнчлэн хүнсний үнэ өмнөх сараас буурсан байна. Гэсэн ч инфляц хэтэрхий өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгааг шинжээчид онцолж байгаа юм. Холбооны Нөөцийн банкны зүгээс харвал инфляцын үзүүлэлт тавдугаар сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 5-5.25 хувьд хүргэх төлөвлөгөөгөө өөрчлөх хэмжээнд тогтворжоогүй гэж хэлж болохоор байна. Хэдий тийм боловч тавдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар Холбооны Нөөцийн банк сүүлийн удаа бодлогын хүүг өсгөнө гэж шинжээчид таамаглаж байгаа юм.