|

Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны саналыг дэмжиж тогтоолын төслийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулсан.

Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар УИХ-аас тогтоолыг гаргах шаардлагатай гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Түр хорооны саналыг дэмжих талаар УИХ-ын гишүүдээс санал авч дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Хянан шалгах түр хорооны саналын тогтоолын төслийг эцсийн найруулгаар чуулганд танилцуулж батлах юм.

Санал дүгнэлтэд, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй байгааг дурдсан.

Цаашид, Хөгжлийн банкны засаглал, удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, банкны хяналтын “Базелийн хороо”-н зарчмууд зэрэг дотоод хяналт ба эрсдэлийн удирдлагын тогтолцооны бүтэц эрх хэмжээг тусгасан засаглалын зарчмуудад үндэслэн банкны засаглалын бодлого эрсдэлийн бодлогыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллах, гүйцэтгэх удирдлагыг багаар нь сонгон шалгаруулж, гэрээ хийн, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай зэргийг Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд дурджээ. Мөн олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *