|

Б.Дөлгөөн: Геополитикийн нөхцөл байдалд нийцүүлж, тогтолцоо, тоондоо өөрчлөлт хийхгүй бол Монгол Улс ургашлах ямар ч боломжгүй

МҮОНРТ-ийн “Үндсэн хууль 30-31 алдаа, оноо асуудал” хэлэлцүүлэг энэ удаа /2023.05.15/ “76+76 сонгуулийн холимог тогтолцоо” сэдвээр болжээ. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон улс төр судлаачид, нам, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл  оролцон байр сууриа илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ард иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж буй боловч 152 гэсэн тоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тоог 120, эсвэл 108 болгон багасгахыг иргэдийн 70 орчим хувь нь дэмжиж байгаа гэлээ.

Улс төр судлаач Д.Мөнхтөр: УИХ-ын гишүүдийн тооны тухай  маргалдах нь чухал асуудал биш. Олон байх тусмаа л сайн. Учир нь өнөөдөр парламентын гишүүдийн тоо нь цөөн, босго өндөр байгаа учраас мөнгөтэй, эсвэл олны танил хүн гишүүн болох боломжтой болсон.  Гэтэл жинхэнэ эрдэмтэн судлаачид сонгогдож чадахгүй байна. Парламентын гишүүдийн тоо нь олон, босго нь намхан байх ёстой. Харин Засгийн газрын гишүүдийн босго өндөр, тоо нь цөөн  байх нь зүйтэй. Дэлхийн хамгийн цөөн хүн амтай Санмарино улс 26 мянган хүн амтай атлаа парламентын 60 гишүүнтэй. Ард түмнийхээ дуу хоолойг олон хүн хүргэх ёстой. Тиймээс тоог нэмэхийг дэмжиж байгаа гэв.

Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Д.Даваасүрэн: Үндсэн хуулийг үндсээр нь шинэчлэх байр суурьтай байна. Тэгэхдээ хоёр танхимтай болгож, дээд танхим нь 51, доод танхим нь 101 гишүүнтэй байх нь зөв. Гэхдээ хоёр танхимыг өнөө маргаашдаа бус тодорхой хугацаагаар ард нийтээрээ хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэлээ.

Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд эдийн засгийн бүтээмж, парламентын чадамж хэрхэн сайжрахыг тооцоолох хэрэгтэй. Өнөөгийн 76 гишүүн цөөдөж байгаа нь үнэн. Геополитикийн нөхцөл байдалд нийцүүлж, тогтолцоо, тоондоо өөрчлөлт хийхгүй бол Монгол Улс ургашлах ямар ч боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв. Иргэд өөрсдийн төлөөллөө парламентад оруулж байгаа учраас олон байх тусмаа сайн. Үнэндээ 152 хамгийн бага тоо. Тойргийн төлөөлөл, тойрог төлөөлөөгүй 50,50 хувийн харьцаатай байж тойргоос ангид хөгжлийн бодлого гарах боломжтой хэмээсэн.

“Нээлттэй ардчилал” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баярмаа: 1992 онд анхны Үндсэн хууль баталсан хүмүүс 76 гэдэг тоог маш зөв сонгосон санагддаг. Тухайн үед  Монгол Улсын хүн ам 2.2 сая байсан. Харин өнөөдөр 3.4 сая болж хүн ам 66 хувиар нэмэгджээ.  2.2 сая хүн амд 76 гишүүн байсан юм бол 3.4 сая хүн амыг 126 гишүүн төлөөлөх нь зөв хувилбар ч байж болох юм. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэхдээ хэт туйлшрахгүй сайн, муу хоёр талыг заавал авч үзэх ёстой гэж гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments