“Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг зард хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ
Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлсээр байгаа ч “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа аж.
Зүүн Өмнөд Азийн энэхүү бүс нутаг нь цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа болон мансууруулах бодисын хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин” гэж олон улсад нэрлэгддэг бүс нутаг юм. Иймд олон нийтийн танил тал, найз нөхөд, цахим сүлжээгээр Зүүн Өмнөд Азийн орнуудад ажлын байранд зуучлах саналаас татгалзах нь зөв юм.
Ийм төрлийн мэдээлэл авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас дахин сэрэмжлүүллээ.