Өнөөдөр Дракула олон нийтэд танилцуулагдсан өдөр
1897 оны 05-р сарын 26-ны өдөр Ирландын зохиолч Брам Стокер /Bram Stoker/ Готик стилийн аймшгийн зохиол болох “Дракула” номоо нийтийн хүртээл болгожээ. Энэхүү ном нь түүний бичсэн хэд хэдэн шуугиантай бүтээлийн дараа гарч ирсэн бүтээл бөгөөд Дракула хэмээх цус сорогчдын хааныг танилцуулснаар цаашид ч олон энэ чиглэлийн дүрүүдийн суурь болсон юм.
Зохиол ерөнхийдөө Трансильваниасаа гарч Английн ертөнцөд орох гэсэн гүн Дракулагийн оролдлого мөн Дракула болон профессор Авраам Ван Хельсингээр удирдуулсан цөөн хэдэн хүмүүсийн туланы тухай өгүүлнэ.
Энэ зохиол нь уран зохиолын маш олон төрөлд байр суурьтай байж болохуйц өвөрмөц шийдлээр бичигдсэн, айшгийн, зөгнөлт, готик мөн тулааны бүтээл билээ. Бүтээл маш олон жүжиг, кино, ТВ-ийн бүтээл болж олон түмэнд хүрсэн.
1880-1890-ээд он бол Их Британы уран зохиолд Ридуард Киплинг /Ширэнгийн ном/, Артур Канон Дойл /Шерлок Холмс/, Роберт Луйс Стивенсон /Эрдэнэсийн арал/, Х.Г.Уэйлс /Үл үзэгдэгч, Цаг хугацааны машин/ зэрэг гайхалтай зохиолчдын эрин бөгөөд тэд Британчуудыг тулаант, уран зөгнөлт олон гайхалтай үлгэр, романуудаар бөмбөгдөж байсан үе. Стокерийн Дракула энэ олон гайхамшигтай зохиолууд дунд айхтар од болон гялалзаж чадаагүй ч 20-р зууны сүүлээр кино болон бүтээгдэх үедээ л дээд амжилтандаа хүрсэн юм.
Дракулаг бичихээсээ өмнө Стокер Европын өнцөг булан бүрд байх цус сорогчдын тухай түүх, аман дурсамжуудыг судлахад долоон жилээ зарцуулсан байдаг. Түүний зохиолд 1885 онд Эмили Жерардсын /Emily Gerard’s/ бичсэн “Трансильваны мухар сүсэг” богино өгүүллэг асар их нөлөөлсөн гэж үздэг. Харин гүн Дракулагийн нэрийг 1431 онд төрсөн Ромын захирагч, Уоллачиагийн удирдагч 3-р Влад Дракулагийн харгис хэрцгий түүхээс босгож ирсэн гэдэг. Зохиолч Лондонгийн номын сангийн гишүүн байсан тул өөр ч олон баримтуудыг ухаж уншсан.
Тэгэхдээ авснаасаа босч ирдэг цус сорогчийг Стокер анх дүрсэлсэн юм биш. Магадгүй ийм дүрслэл 1797 онд Иохан Вольфганг фон Гётегийн “Коринтийн сүйт бүсгүй” зохиолд дурдагдсан байх. 1819 оны Жон Полидорын /John Polidori/ зохиолд анхны язгууртан төрхтэй цус сорогч гарсан бөгөөд тэрээр зохиолоо “The Vampyre” гэх нэршлийг ашигласан юм.
1878-1898 онд Стокерийн ажиллаж байсан лицей театрын жүжигчин, менежер Henry Irving удирдаж байсан. Стокер Дракулаг тайзны жүжиг болгон тавих мөрөөдөлтэй байсан боловч Хенри Ирвинг зөвшөөрөөгүй байдаг. Гэвч Даркулагийн эрс дүрэлзсэн чанар, эргээд эялдэг найрсаг гүнтэн болж байгаа төрхийг Стокер ноён Ирвингээс олж авсан гэнэ.
Стокерийн зохиол анх “Вампирийн тоолол” нэртэйгээр гарахаар зэхэгдэж байсан боловч гүн Дракулагийн нэрний цаад утга нь “луугийн хүү” гэсэн байсан тул ихэд таалагдаж “Drăculea” нэрийг багахан өөрчлөөд Дракула болгон авсан байна. Одоо харан энэхүү нэрийг хэн ч “луугийн хүү” гэж харахаа больж хүндэлвэл “цус сорогчийн хаан” гэх бөгөөд ерөнхийдөө “чөтгөр” гэж ойлгох болжээ.
1897 онд Archibald Constable and Company хэвлэн зургаан шиллингээр худалдаанд гарсан номны хавтсыг шар өнгийн даавуугаар хулдан дээр нь улаан өнгөөр номын болон зохиолчийн нэрийг бичсэн байв. Энэ зохиол 1899 онд Америкд хэвлэгдэхдээ Нью Йоркийн Doubleday & McClure компаний зохиогчийн эрхээр хамгаалагдсан байв. Харин Юниверсал студи зохиолын эрхийг худалдан авахдаа Стокерийг АНУ-ын зохиогчийн эрхийн хуулинд хамаарагдахгүй хэмээн үл тоомсролсон байдаг. Харин зохиогчийн эрхийн тухай Бернийн конвенцийг мөрддөг Нэгдсэн Вант улс болон бусад улсуудад Стокер нас барснаас хойш 50 жилийн хугацаанд буюу 1962 оны 04-р сар хүртэл зохиол зохиогчийн эрхээр хамгаалагдаж байсан юм.
Мэдээж олон олон найруулагч нар зохиол дээр ажиллан олон кинонууд хийгдсэн тул одоо зохиол маш олон салбар дүрүүдтэй болж, олон олон салбар үйл явдлуудтай ч болсон бөгөөд ноён Стокер өөрөө ч танихааргүй болтол өөрчлөгдсөн байна. Мэдээж энэхүү бүтээл тэртээх 1897 онд олны хүртээл болоогүй бол бид цус сорогчийн хаан болоод түүнийг тойрсон зөгнөлт, адал явдалт, аймшгийн нэг сайхан түүхгүй, олон сайхан бүтээлийг үзэхгүй байсан бизээ.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог