Д.Монголхүүг “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” үндэслэлээр хүчлэн баривчилжээ
“Одоо болоо” цуглаанд оролцсон иргэн Д.Монголхүүг өнгөрөгч шөнө цагдаагийн байгууллагаас хүчлэн баривчилсан. Түүнийг чухам ямар үндэслэлээр баривчлан саатуулсан талаар Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Б.Батсуурь тайлбар өглөө.
Тэрээр “Иргэн Д.Монголхүү нь 2021 оны 9-р сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад ирээгүй, мэдэгдэх хуудас хүлээж аваагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-т заасан үндэслэлээр 48 цагийн хугацаатай хүчлэн баривчилсан” гэлээ.
23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.