Б.Мөнхзаяа: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг ашиглаж л байгаа бол ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХИЙГ ХАТУУ шаардана
Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Ногоон байгууламж бүхий эко орчныг бий болгох зорилгоор байгуулагдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүсийн хөл хөдөлгөөн, хэрэгцээг дагасан худалдаа, үйлчилгээ бий болсоор 10 гаруй жил болж байна.
Иргэд, олон нийтийн зүгээс “худалдаа наймаа замбараагүй байна, шорлогны утаа их байна” гэх зэрэг гомдол тасардаггүй. Харин нөгөө талд амжиргаагаа залгуулах гэсэн иргэд, түрээслэгчдийн эрх ашиг яригддаг. Дээрх асуудалд ямар зохицуулалттай ажиллах талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Захиргаа удирдлагын албаны дарга Б.Мөнхзаяатай ярилцлаа.
–Цаг агаар дулаарахтай зэрэгцээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа эрхлэх, хоол үйлдвэрлэл явуулах хүсэлтэй иргэд байгууллагууд олноороо хүсэлт ирүүлдэг. Зарим нь албан ёсоор үйл ажиллагаа эхлээгүй байхад талбайд ирээд зогсчихдог. Энэ жил ямар зохион байгуулалт хийж ажиллахаар төлөвлөж байна вэ?
-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд шинэ удирдлага томилогдсонтой холбогдуулан бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж, ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Бид хамгийн түрүүнд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог иргэдийн эрх ашиг, түүнийг дагасан худалдаа наймаа, үйлчилгээнээс хамааралтай асуудалд нөхцөл байдлын судалгаа хийлээ.
Иргэн, аж ахуй нэгжүүд хүнсний худалдаа үйлчилгээ буюу ТҮЦ, авто зогсоол, гэрэлт гэр, нийтийн бие засах газар, шорлог, дартс, хүүхдийн тоглоомын худалдаа, хүүхдийн тоглоомын машин унуулах, бусад спортын тоглоом зэрэг төлбөрт үйлчилгээг нийт 58 иргэн, аж ахуй нэгж өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан байна.
Аль аль талдаа нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зорилго бол ногоон байгууламж бүхий цэвэр агаартай, эрүүл эко орчин бүрдүүлж, зорин ирэх нийслэлчүүдээ тав тухтай орчинд амарч зугаалах орчин нөхцлөөр хангах.
Мэдээж хүмүүсийн зорчих хөдөлгөөн, хэрэглээг дагасан худалдаа наймаа, үйлчилгээ байсаар ирсэн. Бид эдгээр хүмүүст худалдаа, үйлчилгээ эрхэлж орлого олох боломжоор хангахаас гадна иргэдийн тав тух, сэтгэл ханамж, санал хүсэлтийг байнга харгалзан үзэх ёстой.
– Иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ гээд худалдаа, наймааг ор тас хориглож бас болохгүй. Ямар зохицуулалт хийж ажиллавал үр дүнтэй байх бол?
-Иргэдээс “хүмүүс нохойгоо салхилуулахдаа ялгадасыг нь авахгүй байна, хошуувч зүүхгүй байна, худалдаа наймаа замбараагүй байна, шорлогны утаа их байна, удирдлагатай машин ажиллуулдаг хүмүүс талбайн гол хэсгийг эзэлчихээд чөлөөтэй алхахад хэцүү байна” гэх зэргээр гомдол ирүүлдэг. Нөгөө талд бид худалдаа наймаа эрхэлж ахуй амьдралаа залгуулах гэсэн иргэдийн санал хүсэлтэд дарагддаг.
Үүнийг зохицуулж, зөв зохион байгуулалтад оруулах нь бидний үүрэг. Жишээ нь нохойгоо салхилуулахдаа ногоон байгууламж бохирдуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Энэ тухай анхааруулга, сэрэмжлүүлгийг талбайд байршуулсан. Мөн хог, ангилж ялгах нөхцлийг бүрдүүлэх зэргээр нөлөөллийн арга хэмжээ авч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъабазар ковид-19 өвчний үед ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогын эх үүсвэрийг шууд хааж боохгүй байх чиглэл өгсөн. Тиймээс бид шалгуур шаардлагаа өндөр болгож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана.
-БЗД-ийн 26-р хорооны иргэд, оршин суугчид шорлогны утааны талаар гомдол санал байнга гаргадаг. Шорлогийг болиулах боломж бий юу?
-“Шорлогны утаа хэцүү байна” гэсэн гомдол жилийн жилд байсаар ирсэн.Шорлог хийж зардаг иргэдтэй уулзалт, зөвшилцөл хийж байна. Шууд болиулъя гэхээр хүндрэлтэй. Тиймээс иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй төв талбайгаас холдуулж байршлыг өөрчлөх, утаагүй болгох нь зөв юм байна гэж үзэж байгаа. Үүний тулд “Street food” хэсгийг бий болгохоор ярилцаж байна. Өмнөх удирдлагууд шорлог эрхлэгчидтэй шүүхэд маргаантай байгаа юм билээ.
ТҮЦ ДАМЛАН ТҮРЭЭСЛЭХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ТУЛ ТАСЛАН ЗОГСООНО
-ТҮЦ эрхлэгчдэд ямар шалгуур шаардлага тавих вэ?
-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа л бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65-р тогтоол үйлчилдэг. Энэ тогтоолд түрээсийн гэрэээтэй холбоотой бүх л харилцааг зохицуулдаг. Гэвч иргэн, аж ахуй нэгжүүд нийслэлийн Өмчийн харилцааны газар, манай байгууллагатай байгуулсан гэрээний ач холбогдлыг огт мэддэггүй. Гэрээг уншдаг ч үгүй. Гарын үсэг зурсан л бол юу ч хийж болно, хэнд ч дамлан түрээсэлж болно гэж ойлгодог. Ийм зөрчил ТҮЦ-нийхэн дунд их байна.
Гэтэл тухайн гэрээ тогтоолдоо нийцсэн байх ёстой. Хэрэв түрээслэгч 65-р тогтоолыг зөрчсөн бол гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх нь манай байгууллагад бий. Тиймээс хууль зөрчсөн, гэрээний харилцааг зөрчсөн хэнтэй ч хамтарч ажиллахгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Жишээлбэл, гурвалсан гэрээ байгуулан ТҮЦ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд итгэмжлэл нэрээр ТҮЦ-ийг бусдад дамлан түрээслүүлдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн өмч болсон газрыг бусдад шилжүүлсэн байна гэсэн үг.
Энэ бол хууль зөрчсөн асуудал. Энэ зөрчлийг гаргасан тохиолдолд 2014 оны 65-р тогтоолыг зөрчсөн гэж үзээд гэрээг хугацаанаас нь өмнө цуцална. Бас хууль зөрчин ажиллаж байсан хүмүүс гэрээг сунгаад өгөөч гэж ирж байна. Эдгээр хүмүүстэй хамтран ажиллахгүй гэдгээ хэлж байгаа. Нөгөө талаас нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээслэгчийг сонгон шалгаруулах ёстой. Гэтэл “би өөрөө ажиллуулж чадахгүй байгаа юм чинь өөр хүнд түрээслүүлэхэд юу нь буруу гэж” гэж зөрүүдэлдэг.
Хуулиараа хэрэв тухайн ТҮЦ-ийг ажиллуулах боломжгүй бол гэрээгээ дуусгавар болгоод дараагийн хүндээ сонгон шалгаруулалтад орох боломж олгох ёстой. Шалгуурын тухайд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65-р тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан шалгуурыг тавина. Хоёрдугаарт үйл ажиллагааны зорилго чиглэл өөр байх зөрчил их байна. Хоол үйлдвэрлэл явуулж байгаа хэрнээ үйл ажиллагааны чиглэл нь авто машины худалдаа байх жишээтэй.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ТАВИХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ӨНДӨРСГӨНӨ
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэзээ албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?
-Манай байгууллагын зүгээс саналаа НОК-т хүргүүлсэн. НОК-оос ирэх шийдвэр гарсны дараа худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй гэрээгээ шинэчлээд явна. Ингэхдээ гэрээний хугацаанд анхаарч, хариуцлагыг нэмэгдүүлж, шалгуураа өндөрсгөнө.
-Ямар шалгуур тавих талаар мэдээлэл өгөөч?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөрдөгддөг бүхий л дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж байна. Тэр дундаа худалдаа үйлчилгээ эрхлэхтэй холбоотой журам, шалгуур шаардлага, стандартыг өөрчлөн шинэчилж байгаа.
Наад зах нь түргэн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд харьяа дүүргээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх, мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьдаг эрүүл ахуй, стандартын шаардлагыг биелүүлсэн байх зэрэг. Энэ шаардлагууд өмнө нь байсан уу байсан. Гол нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Хуулийн дагуу, цэгцтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж байна.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ЭЗЭНТЭЙ, ЭЗЭН НЬ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД
-Үүнээс гадна машин тоглуулах, дартс шидүүлэх зэрэг үйлчилгээ явуулдаг хүмүүс бий. Тэдэнд ямар шаардлага тавих вэ?
-Хүн бүр асуудал, зовлон ярьж орж ирдэг. Манай байгууллагын зүгээс энэ хүмүүсийг огт байлгахгүй гэдэг асуудал яриагүй. Харин “Шаардлага биелүүлж, дүрэм журмын дагуу ажилла” гэдэг л шаардлага тавина. Жишээ нь удирдлагатай машин ажиллуулдаг хүмүүсийг төв хэсэгт бөөгнүүлэхгүй, байршил зааж өгнө. Зааж өгсөн байршил дээр зогсохгүй бол гэрээг цуцална. Хүүхдэдээ машин унуулмаар байгаа нь тухайн байршилд зорьж очоод л унуулна шүү дээ. Үнэхээр шорлог идмээр байгаа бол зориод очдог болох хэрэгтэй.
Энэ байгууллага эзэнтэй. Эзэн нь нийслэлийн иргэд. Нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө аливаа зохицуулалт хийж ажиллах нь энэ байгууллагын удирдлагын үүрэг. Тэгэхээр боломжийг нь олгоод байхад хууль, дүрэм журам, шалгуур шаардлагыг биелүүлэхгүй бол гэрээг цуцлах, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ажиллаж ашиг, орлого олж байгаа бол бидний тавьсан шаардлагыг биелүүл гэдэг хатуу байр суурьтай байгаа.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ ногоон байгууламж бүхий эко орчныг бүрдүүлэх үндсэн зорилгоо биелүүлэх нь чухал. Нэг хүний эрх ашиг чухал уу, нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг хаа хаанаа бодолцож, ухамсартай хандаасай гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.
Т.НОМИН