Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна
Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ойн өдөр. Тус нийгэмлэгийг 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр анх байгуулсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан Төмөр замчдын “Найрамдал” хөшөөнд “УБТЗ” ХНН-ийн удирдлага, төмөр замчид, Оросын мэргэжилтнүүд цэцэг өргөлөө.
“УБТЗ” ХНН байгуулагдсанаар манай улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улс хурдацтай хөгжих үндсийг тавьсан юм. Улс орныхоо хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж ирснийг төмөр замын түүх, төмөр замчдын хөдөлмөр зүтгэл бэлхнээ гэрчилж байдаг.
Улс орны хөгжилд төмөр замын тээврийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед “Улаанбаатар төмөр зам” ХНН бүхий л боломж хүчин чадлаа дээд зэргээр ашиглаж, бахдам амжилтуудыг гаргасаар байна.
Тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж, түүхэн дээд амжилтуудыг гаргаж ирсний зэрэгцээ УБТЗ-ын гол зам нь Ази-Европыг холбосон транзит тээврийн гол коридоруудын нэг болж, бүс нутагтаа төдийгүй олон улсад танигдсан нэр хүндтэй төмөр замуудын нэг болж чаджээ.
УБТЗ нь төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын зэрэгцээ шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үндэсний төмөр замын компаниудаа дэмжин хамтран ажиллаж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд УБТЗ-ын оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндөр үнэлж, Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгаруулахдаа жил бүр тус нийгэмлэгийн эзлэх эрэмбийг эхний 14-өөс 3 хүртэл урагш ахиулж ирсэн нь УБТЗ-ын хамт олны хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж байдгийн тод жишээ юм.