П.Сайнзоригийн “Тавантолгой” компанийн БЭТ-ээр ажиллах хугацааг дуусгавар болгожээ
Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний хуралдаанаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.
Энэ хүрээнд энэ компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон билээ. Тэгвэл түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй гэсэн шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд П.Сайнзориг Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан юм.
“Тавантолгой” ХК ашгийнхаа 98 хувийг ногдол ашгаар тараасан нь компани үйл ажиллагаагаа сайжруулах, техникээ шинэчлэхэд саад болсон үндсэн хүчин зүйл гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, 2022 онд 140 тэрбумыг ногдол ашгаар тараах шийдвэр гаргасан байна. П.Сайнзориг БЭТ-ээр ажиллах хугацаандаа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д 48 тэрбумын өрийг төлж, ажилчдын цалинг 30-42 хувиар нэмэгдүүлжээ.
Ийн тус компанийн Гүйцэтгэх захирлын шалгаруулалт явуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.