Ачаа тээврийн “Эко сайд” компани Эрүүл мэндийг дэмжих сангаас 85 саяын санхүүжилт авчээ
Эрүүл мэндийг дэмжих сан 2008-2023 оны хооронд 771 байгууллагад 34.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Эдгээр санхүүжилтийг авсан эрүүл мэндийн салбарын бус компаниудын мэдээллийг хүргэж байна.
Цэцэрлэгжүүлэлт хийдэг компаниуд Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөг авчээ
Цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бэлий улаан цохио” ХХК нь Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөгийн санхүүжилт авчээ.Төслийн нэр нь “Ахуйн цахилгаан хэрэглээний ослоос урьдчилан сэргийлэх, хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх” юм байна.
Эрүүл мэндийг дэмжих сангийн 2019 оны зургадугаар дугаар сарын 27-ны дөрөвдүгээр тоот тогтоолоор “Бэлий улаан цохио” ХХК-д 48 сая төгрөгийн зээл олгох тушаал гарчээ. Энэ компани нь цэцэрлэгжүүлэлтээс гадна хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, газар тариалан эрхлэх чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус компанийн захирлаар Эрдэнэбатын Отгондалай ажилладаг.
Мөн Эрдэнэбатын Лхагвадорж захиралтай “Эко сайд” ХХК Эрүүл мэндийг дэмжих сангаас 2019 онд 47 сая, 2020 онд 38 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Анх санхүүжилт авахдаа ямар төслөөр авсан нь тодорхой бус байгаа бол 2020 онд “Хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд үүссэн шалтгааныг шийдвэрлэх зөвлөгөө сургалт” гэсэн төслөөр санхүүжилт авчээ.
Төслийн нэр тодорхой бусын сацуу “Эко сайд” компани нь цэцэрлэгжүүлэлт хийх, автомашинаар ачаа тээвэрлэх, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангалттай хэмээн үзжээ.
Гэхдээ цэцэрлэгжүүлэлт, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт авсан нь нэгдүгээр ноцтой асуудал. Төслийн нэр, зорилго ч компанийн үйл ажиллагаа болоод Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаатай нийцэхгүй байгаа нь хоёрдугаар чухал асуудал юм.
Компьютерын үйлчилгээ, барилгын материалын компаниудад санхүүжилт олгожээ
Пүрэвжавын Ганзориг захиралтай “Ходутэ” ХХК өнгөрсөн онд 37.5 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийг дэмжих сангаас авчээ. Төслийн нэр нь “Алслагдсан дүүргийн өсвөр насны хүүхдүүдийг нийтийн биеийн тамираар хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах” гэжээ.
Гэвч тус компани нь цайны газар, аялал жуулчлал, автомашин худалдаа, барилгын материалын худалдаа, цэцэрлэгжүүлэлт гэсэн эрүүл мэндийн бус чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Дашнямын Цогзолмаа захиралтай “Дөрөө булаг” ХХК “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх сургалт” төслөөр 42.8 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийг дэмжих сангаас 2020 онд авчээ.
Мөн л үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай хэмээн дүгнэсэн байна. Гэвч “Дөрөө булаг” компани нь компьютерын үйлчилгээ, худалдааны зуучлал, гадаад худалдааын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Ёс зүйн сургалт явуулахдаа Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөг авчээ
“Эрхэс сувд” компани “Инээмсэглэл эерэг хандлага” ёс зүйн сургалт явуулахдаа Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөгийн санхүүжилтийг 2019 онд авчээ.
Тус компани улсын бүртгэлд “Эрхэс сувд оюу” гэсэн нэрээр бүртгэлтэй байдаг.Гүйцэтгэх захирлаар нь Энхтуяагийн Бямбасүрэн ажилладаг аж.
Үйл ажиллагааны чиглэлээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гутал үйлдвэрлэл, худалдаа, барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа, бэлэн хувцасны худалдаа, худалдааны зуучлал хэмээн тодорхойлжээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбартай хамааралтай ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Гэсэн атлаа Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Төслийн хэрэгжилт хангалттай хэмээн дүгнэжээ.
Энэ мэт огт “далий” чиглэлийн компаниуд Эрүүл мэндийг дэмжих сангаас хэрхэн санхүүжилт авсныг бид цувралаар хүргэх болно.Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хүн амд боловсрол олгох, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой билээ.