Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн хамгаалагчийг заналхийлэх, амь насанд нь халдах эрсдлээс энэ хууль ХАМГААЛНА

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн /2021.04.02/ хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнөөдөр /2021.04.05/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагч, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн болон иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хуулиараа хамгаалсан улс боллоо. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Хэдий тийм ч бодит амьдрал дээр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдийг айлгах, дарамтлахаас гадна амь насанд нь халдах тохиолдол хүртэл гарсан байдаг. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэгчдээ хамгаалах, тэдэнд хууль зүйн туслалцаа, өмгөөлөл, хамгаалах үзүүлэх олон улсын шинэ механизмыг нутагшуулах шаардлага бий болсон учраас энэ хуулийг баталлаа.

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль дэлхийн 40 гаруй улсад байдаг. Тус хуулийг өргөн барих, санаачлах явцад олон улсын байгууллагууд, Монгол дахь иргэний нийгмийн байгууллага, хууль тогтоочид маш их анхаарал хандуулан ажилласан. Хуулийг боловсруулах хугацаанд 4-5 удаа томоохон хэлэлцүүлэг, форумыг зохион байгуулж, иргэний нийгмийн байгууллага, олон улын байгууллагын зөвлөхүүдтэй хамтарч, санал дүгнэлт боловсруулсан. Хууль маань 2021 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ” гэдгийг тодотголоо.

Дараа нь Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоо нэг алхмаар урагшилж, шинэчлэл хийгдлээ. Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь цоо шинэ ойлголт. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах хүрээ нь шинэ ойлголтоор тэллээ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, баяжиж, хүрээгээ тэлэх ёстой юм. Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн ажил биш. Энэ бол заяамал, иргэн бүрийн асуудал болохоор бүгдээрээ хамгаалж байх ёстой. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд явж байгаа цөөн хүний дугарах эрхийг нь урамшуулж, тогтолцоогоор нь хамгаалах нь чухал байдаг.

Төр хамгаалах үүрэгтэй ч төр хамгийн их хүний эрхийг зөрчиж байдаг. Тиймээс нийгмийн тэр өөрөө өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн ажлыг бэхжүүлэхэд энэ хууль маш их үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь Монголд гэлтгүй дэлхийд харьцангуй шинэлэг тогтолцоо. НҮБ-аас үүнд зориулж, тусгай тунхаглал гаргаж, загвар хуулийг гишүүн орнуудад нэвтрүүлэхийг уриалсан байдаг. Тэд хүний эрхийг хамгаалагчийн эрх хамгийн их зөрчигдөж байна, эдгээр хүмүүсийн эрх зөрчигдөөд ирэхээр нийгэмд хүний эрхийн хамгаалалт хэрэгжихээ больж, эрсдэлд орж байгааг сануулсан байдаг. Бид энэ загвар хууль, тунхаглалын дагуу энэ хуулийг баталлаа. Ингэснээр иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо” гэв.

Мөн тэрбээр “Хүний эрхийн үндэсний комиссыг төр дуудаж ирүүлээд дарга мэт загнаад байгаа нь хүний эрхийн талаарх ойлголт нимгэн байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан, тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэ яриад байна. Наад зах нь, энэ үл эс үйлдлээрээ эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэт хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хуулийн хэлэлцүүлгийн үед анзаарагдсан энэ зүйлийг засах ёстой. Сангийн яам тодорхой санхүүг нь хуулийн хүрээнд өгөх шаардлагатай байна. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг хэлэлцэх явцад шинэ зүйл их гарч ирсэн. Нэгэнт хуультай болсон болохоор иргэний нийгмийн байгууллага зоригтой ажиллах ёстой юм” гэдгийг онцолсон юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *