ХЗБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.13) хуралдаан 11 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо.

Эхлээд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, төслийн талаар Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эдгээр төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 7 дугаар тогтоолоор байгуулсан байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллажээ.

Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд эрх зүйн шинэ ойлголт эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх гэсэн агуулга бүхий заалтыг хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэж байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл,  хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журмыг хэлэлцэж батлах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийг давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж өөрчлөн найруулж, үүнтэй уялдуулан 118.4 дэх хэсгийг хасах нь зүйтэй хэмээн үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж болох зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналуудыг гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Энхбаяр гишүүний гаргасан горимын саналуудыг тус бүрд нь  дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. “Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 26 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг ба мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын онцлог, гүйцэтгэх ажилд тавих Улсын Их Хурлын хяналттай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасан. Энэ хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хэсгийг байгуулахаар холбогдох тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар ажиллах юм байна.

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Дараа нь төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь дэмжин, баталлаа.

Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан гаргасан эрх зүйн дүгнэлтийг сонсов. Дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос шийдвэрлэж, Улсын Их Хурлын Тамгын газарт холбогдох албан бичгийг хүргүүлжээ. Эрх зүйн энэхүү дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалт, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арван хоёрдугаар сарын 02-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан эрх зүйн дүгнэлт гаргах журамд заасныг баримталжээ.

Хууль зүйн дүгнэлтэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар санал хурааж дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн эсэх, хэрхэн нийцүүлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор нэгтгэсэн төслийн дагаж мөрдөх хугацааг нийцүүлэх талаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх, хэрэгжих боломжийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэл болгожээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцэхэд нэгтгэсэн төсөлд хөндөгдсөн 2 дугаар зүйлийн 16 дахь заалт буюу 66.5, 4 дүгээр зүйл буюу 38.12, 42.1-ийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Санал хураалтаар гишүүдийн олонх нь дэмжсэн эдгээр саналын томьёололол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдсөн эсэх талаар дүгнэлтийг гаргажээ.

Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглахтай холбоотой зохицуулалтын талаар өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөлд 42.1 “сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар дэлгэгдсэн нэг хэсгээс 10-аас аймгийн төв болон дүүргийн нэг хэсэгт 5 бусад хэсэгт 3-аас илүүгүй байна” гэсэн гэж тусгасныг Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр сонгуулийн зардлыг бууруулах зорилгоор тойрог тус бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зохицуулалтыг “42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг: Тойрог тус бүрд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байна. Сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна. Нэгдсэн самбар дараах шаардлагыг хангасан байна; 42.1.1.энэ хуулийн 60 дугаар зүйлд заасныг үндэслэн зурагт хуудсыг байрлуулах дарааллыг тогтооно. 42.1.2.сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй ашиглуулна. 42.1.3.нэгдсэн самбарт байрлуулах нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байна. 42.1.4.сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, хороонд гурав хүртэл нэгдсэн самбар байрлуулна” хэмээн өөрчлөн найруулах санал гаргасан байна.

Дээрх санал дэмжигдсэнтэй холбогдуулан хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 42.4, 42.6, 42.7, 42.8 дахь хэсгүүдэд дурдсан зурагт самбар, дэлгэц гэсэн нэр, томьёог нийцүүлэх, зурагт самбарыг байршуулах, нам эвслээс нэр дэвшигчийг байршуулах дараалал зэргийг заасан бусад зохицуулалтыг нийцүүлж, өөрчлөх шаардлагатай тул 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах шаардлагатай гэлээ.

Түүнчлэн тойргоос нэр дэвших сурталчилгааны нэгдсэн самбартай байх зохицуулалт дэмжигдсэн тул хуулийн төслийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.7, 41.11-д тус тус заасан “ухуулах хуудас” гэсэн нэр томьёог нийцүүлж жигдлэх, өөрчлөн найруулах, эсэхийг шийдвэрлэх шаардлагатайг эрх зүйн дүгнэлтэд дурдсан байна.

Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх зохицуулалт дэмжигдсэн буюу “66.5. Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ.” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь хуулийн “66.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно.” гэсэн зохицуулалттай зөрчилдөж байгаа юм байна. Иймд хуулийн 66.14 дэх заалтыг хасах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах шаардлагатай гэв.

Нэгтгэсэн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж 18 хоног болгон өөрчилсөнтэй холбоотойгоор хуулийн 38 дугаар зүйлийн “38.12.Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна” гэж заасантай зөрчилдөхөөр байгаа аж. Иймд 38.12 дахь хэсэгт заасан “22 хоногийн” гэснийг нийцүүлж “18 хоногийн” болгох шаардлагатай гэжээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн дагаж мөрдөх хугацааг нийцүүлэх талаар эрх зүйн дүгнэлтийг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дагаж мөрдөх хугацааны талаар зохицуулалт тусгаагүй аж. 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн төсөлд дагаж мөрдөх хугацааг нийцүүлэн, тодорхой болгох шаардлагатай гэжээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбатын танилцуулсан эрх зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авав. Дараа нь эрх зүйн холбогдох дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

“Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улс “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-д 1971 онд нэгдэн орсон байна. 2010 онд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй байдлын талаарх олон улсын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг баталж, орхигдуулсан зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан аж. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол” нь 2018 оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, мөн тооны улс нэгдэн орж, 1 улс хүлээн зөвшөөрч, 1 улс баталсан байгааг сайд танилцуулав.

Энэхүү протоколд ашиглалтад байгаа агаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналт тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон байна. Монгол Улс нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-ын оролцогч улсын хувьд агаарын тээврийн салбарын хурдацтай өсөлттэй уялдуулан иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү протоколыг соёрхон батлах шаардлагатай гэлээ. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт оруулах аж.

Зам, тээврийн хөгжлийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт оруулах өөрчлөлтийн талаар лавласан гишүүний асуултад С.Бямбацогт сайд хариулт өгөв. Эрүүгийн хуулийн 27.8-д агаарын хөлгийг хууль бусаар булаан авах гэж зүйл нэмэж, “Ашиглалтад байгаа агаарын хөлгийг хууль бусаар булаан авсан, хяналтаа тогтоосон, нислэг үйлдсэн, ийм үйлдэл хийхээр эаналхийлсэн, албадсан, айлган сүрдүүлсэн бол хоёр жилээс арван хоёр жил хүртэл, дээрх үйлдлийг хийсэн этгээдийг ял шийтгэлээс оргон зайлахад санаатайгаар тусалсан бол хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн өөрчлөлт оруулж байгаа гэв. Ц.Мөнх-Оргил гишүүн, Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан дээр олонтаа дурдагдаж байсан алдаа энэ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд давтагдах нөхцөл үүсээд байгааг хэллээ. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-д нийцүүлэн боловсруулах санал гаргалаа. Байнгын хорооны дарга Б.Энхбаяр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тусад нь хийх боломжтой гэдэг хариултыг өгсөн юм. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Монгол Улс нь олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улсын хувьд тус ба байгууллагын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудит, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр, сургалтад хамрагдах, хурал, чуулганд оролцох зэрэг олон улсын иргэний нисэхийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байгааг С.Бямбацогт сайд тэмдэглэсэн. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн аюул занал, хууль бус үйлдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илүү үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэх зорилгоор “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг баталсан байна. Тус конвенц нь 2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 34 улс гарын үсэг зурж, 23 улс соёрхон баталж, 19 улс нэгдэн ороод байгаа аж.

Энэхүү конвенцод олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дурдаагүй орхигдуулсан зохицуулалтууд, түүнчлэн гэмт хэрэгт тооцох үйлдэл, ялын байдал, гэмт хэргийн оролцогчид, хэргийн харьяалал, гэмт этгээдийг шилжүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан байна. Монгол Улс 1972 онд нэгдэн орсон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” Монреалын конвенц, түүний нэмэлт Протоколоос давуу хүчин чадалтай гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандартаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, энэ төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Монгол Улс нь “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг соёрхон баталснаар иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн тогтолцоог сайжруулахад дэмжлэг болно гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд танилцууллаа. Энэхүү конвенцын нэгдүгээр зүйлд гэмт хэрэгт тооцох үйлдлүүдийг тодорхой заасан бол гуравдугаар зүйлд холбогдох гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийн талаар тусгажээ. Иймд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний тавдугаар сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэн байна. Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох; тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх; нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх; нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөвт нэмэлт, өөрчлөлт хийхээр холбогдох төслийг боловсруулжээ. Төсвийн тодотголын үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2.6 хувиас хэтрэхгүй гэдгийг Н.Учрал сайд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хуралдаанд танилцууллав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20.781,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,5 хувь, нийт зарлагын хэмжээг 22.371,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37,2 хувь, төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2,6 хувьтай байхаар төлөвлөжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтүүдийг оруулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсөв 158.3 тэрбум төгрөгөөр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн төсөв 0.4 тэрбум төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсөв 3.9 тэрбум төгрөгөөр, Улсын ерөнхий прокурорын төсөв 4.3 тэрбум төгрөгөөр, Хүний эрхийн үндэсний комиссын даргын төсөв 0.6 тэрбум төгрөгөөр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын төсөв 0.1 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн даргын төсөв 0.2 тэрбум төгрөгөөр нийт 167.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Н.Учрал сайдын танилцуулга, аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс санал гараагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *