Б.Бат-Эрдэнэ сайдын “поп” постыг Ойн газар худал гэдгийг батлав
Нийслэлийн бүс нутагт хууль бусаар мод тайрсан гэх асуудлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Тодруулбал, тэрбээр “Модны хулгайчид хэтэрлээ. Хулгайчид нь ихэнхдээ тэр орчимдоо амьдардаг хүмүүс. Хэдэн төгрөг олж байвал гэдэс цатгалан байж болох ч эргээд байгаль орчноо сүйтгэснээр таны амьдрах орчин сүйрэлд орно:Мөнгөөр нөхөх боломжгүй” хэмээн бичсэн юм. Тэгвэл түүний энэ мэдэгдлийг худал хэмээх тайлбарыг албаныхан өгөв.
Тухайлбал, энэ талаар Нийслэлийн Ойн газраас тодруулахад “Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт орчмын зураг харагдаж байсан. Тэр хавьд шинээр мод огтолсон асуудал гараагүй. 2000 оны эхэн үед хууль бус мод бэлтгэл явагдсанаас үүдэлтэй юм билээ. Цахим орчинд тавигдсан зургаас харахад нэлээд дээр үеийн хожуул байсан. Хууль бус мод бэлтгэсэн тохиолдолд Ойн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцдог. Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх асуудал харьцангуй бага. Харин бут, сөөг, торлог устгаж барилга байшин барих асуудал гардаг. Уг үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг” гэсэн юм.
Ийн Б.Бат-Эрдэнэ дахин “попорсон” нь батлагдав.