Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байна
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, ажил олгогч аж ахуйн нэгж, оюутны төлөөлөлтэй “Аялал жуулчлалын салбарын хүний нөөц, тогтвортой байдал” сэдвээр уулзалт зохион байгуулав.
Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан байна. Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7,251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Учир нь аялал жуулчлалын салбар зөвхөн зуны гурван сард ажилладаг. Тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотоос байдаг бөгөөд тэд орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг байна. Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байгаа юм.
Аялал жуулчлалын мэргэжил сонголт 2007 оноос хойш 87 хувийн бууралттай байна
Иймд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудад 400,000,000 төгрөгийн тэтгэлэг зарласан бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/орон даяар өрнөж байгаа энэ үед мэргэжил сонголтод аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байгааг онцлов.
Мөн хөдөө орон нутгаас аялал жуулчлалын салбарыг сонгох, орон нутгийн онцлог, брэндинг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын компаниуд зөвхөн зуны гурван сард жуулчин авдаг биш жилийн дөрвөн улиралд авдаг байх, тогтвортой аялал жуулчлал, ажлын байр бий болгох нэн шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэллээ хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.