ШҮҮМЖ: “Хуулиас гадуур” кинонд хүний эрхийн асуудлыг хөндсөн нь

Энэхүү шүүмжийг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, “Bee teathre”-ын хамтран хэрэгжүүлж буй “Орчин цагийн монгол кино ба хүний эрх” төслийн хүрээнд бэлтгэв.

Бидний зорилго: Монгол кинонд хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж буйг тодорхойлох, кино уран бүтээлчдийн хүний эрхийн мэдрэмж, эрхэд суурилсан хандлагыг дээшлүүлэх, түүгээр дамжуулан үзэгчдэд хүний эрхийн зөв хандлага төлөвшүүлэхэд оршино.

Төслийн хүрээнд 2020-2022 онд бүтээгдсэн, үйл явдал нь орчин цагт өрнөж буйгаар дүрслэгдсэн, театрын дэлгэцнээ гарч, үзэгчийн тоогоороо тэргүүлсэн 10 киног сонгон авч тус кинонуудад хүний эрхийн өнцгөөс нь шүүмж бичихийг зорив. Шүүмжийг бичихэд хүний эрхийн мэргэжилтнүүд, хуульч, сэтгүүлч, киноны уран бүтээлчид, урлагийн шүүмж судлалаар сурч буй оюутан залуусаас бүрдсэн 30 гаруй хүн оролцсон болно.

“Хуулиас гадуур” уран сайхны кинонд ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ХӨНДСӨН НЬ

Этик продакшны хамт олон 2021 онд “Хуулиас гадуур” уран сайхны кино бүтээж, олны хүртээл болгожээ. Продюсер А.Энхжин, М.Баярмаа, Б.Алтансүх, найруулагч Г.Даваазул нарын туурвисан уг кинонд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй, өнгөн дээрээ эх оронч, шударга дүр эсгэсэн улс төрч, УИХ-ын гишүүн Цоодол, түүний үйлдэж буй шударга бус үйлдэл, авлигын хэргээ хээл хахуулиар шийдэх гэж буйг эсэргүүцсэн иргэд хоорондын мөргөлдөөнийг өгүүлжээ.

 Тус кино нь өнөөгийн нийгэмд болж буй шударга бус явдал, буруутай, бурангуй үйлдлүүдэд эмзэглэсэн уран бүтээлчдийн хандлагыг илэрхийлжээ. Киноны өгүүлэмжээр “хуулиас гадуур” нүүрлэсэн авлига, хээл хахуулийн асуудлыг хөндөн ерөнхий үзэл баримтлалд зангидсан нь тухайн бүтээлийн үндсэн санаа ажээ. Авлига бол хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Энэ кинонд мөрдөгч Архад, гол дүр Дархаа болон туслах дүрүүдийн хооронд өрнөж буй “Авлигачдыг толгой дараалан намнаад өг”, “Улс төрчдийн оролцоотой хэрэг манийг сайн юманд дагуулахгүй шүү”, ““Хүдэр трейд” компани Аялал жуулчлалын зөвшөөрөл аваад, ганцхан байшин барьсан, сарын өмнө 100 гаруй хүн тийшээ ороод сураггүй алга болсон”, “Бэлэг нэрийн дор таван мянган долларын хослол өмссөн”, “Сарын цалин 10 сая, сар бүр хадгаламжид нь таван сая төгрөг нэмж өгье”, ““Хүн амины хэрэг хийсэн хүн таван жил суумар аядаад гараад ирдэг” гэхэд “Дарга найзтай хүн ингэдэг юм”” гэх зэрэг яриагаар дамжуулан өнөөгийн нийгэмд бугласан авлига, хээл хахуулийг дэлгэн харуулсан байна.

“Хүдэр трейд” компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж хохирсон Шинэболдын ээж Цэвэлмаад хүүгийнх нь эмчилгээнд зарцуул хэмээн 10 мянган ам.доллар  өгөхөд авахаас татгалзаж байгаа эхийн сэтгэл, эмзэглэл нь шударга бус үйлдлийг үл тэвчиж буй хүчтэй мэдэгдэл юм. Харин Шинэболдын хамаатны эгч тэр мөнгийг авч байгаа нь үзэгчдийн дургүйцэл төрүүлэх хэдий ч тэрээр “Юмыг яаж мэдэх вэ гээд бичлэг хийчихлээ” гэсэн нь “Дараа нь хахуулийн нотолгоо болгохоор шийджээ” гэх найдвар төрүүлнэ.

Киноны хам сэдвийн хувьд гэвэл, хууль бус, шударга бус зүйлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, хэвлэл мэдээллийн хүчийг ашиглах зорилгоор зохион байгуулж буй хэвлэлийн хурал зэргийг гаргасан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэлтэй байх, амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх, халдашгүй чөлөөтэй байх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хөндсөн байна. Харин олны дунд дөрөв дэх засаглал гэж ярьж хэвшсэн хэвлэл мэдээллийг хоёр дахь засаглал хэмээсэн нь үзэгчдийг төөрөгдүүлэхээр байна.

Харилцан яриагаар “Энэ улсад сайхан амьдаръя гэж бодож байгаа бол хуулийн дагуу биш хуулиас гадуур ажиллах ёстой байдаг ш дээ” хэмээснээс харвал, кино уран сайхны илэрхийллийн тухайд, хууль хэрэгжихгүй бол нийгмийн шударга ёсны төлөө хүмүүс “хуулиас гадуур” тэмцэнэ гэсэн агуулгатай ба энэ нь киноны үндсэн зөрчлийн цөм бөгөөд ингэснээр үзэгчдийг эргэцүүлэл, тээнэгэлзэл, эсэргүүцэл зэрэг сэтгэл хөдлөлд хөтөлнө.

Кинонд хүний эрхийн зөрчил нь амин хувийн ашиг хонжоо, арга заль, сонгогчдын боловсрол дутмаг байдал, хууль сахиулагчийн алдаа дутагдал зэргээр илрэн гарсны үндсэн дээр энэ нийгэмд эрх тэгш, шударга ёс угаас байхгүй тул үүнтэй хуулийн хүрээнд бус хууль бусаар тэмцэх нь илүү үр дүнтэй гэсэн санааг мезансценийн онцлогууд, адилтгал, зүйрлэл ашиглан киноны хэлээр илэрхийлэх оролдлого хийсэн нь ажиглагдана.

Киноны гол баатрын нэг ТЕГ-ын ахлах мөрдөгч, хошууч Архадыг уран бүтээлчид хууль бус, шударга бус зүйлийн төлөө тууштай тэмцэж байгаа эерэг дүрээр харуулсан байна. Харин түүнийг ажлаас нь халах  болсон шалтгаан төдийлөн тодорхой бус.

Түүний дарга байн байн хэн нэгэнтэй утсаар ярих нь үзэгчдэд мөрдөж буй хэрэгтэй нь холбоотой дээрээс ирэх дарамт гэж ойлгогдохоор. Харамсалтай нь, Архадыг ажлаас халсан процесс нь хуулийн дагуу биш тул кино багийнхан хууль зүйн процессын нарийн асуудлуудад хэт зохиомлоор хандсан гэх сэтгэгдэл төрүүлнэ.

Тэмцэгч Баярааг саатуулах, улс төрч Цоодолыг баривчлах гэх мэт Архадын зарим үйлдэл нь мэргэжлийн бус, албаны чиг үүргээ гүйцэтгэж буйтай нь холбоогүй, хүнлэг бус, ёс зүйн алдаа дутагдалтай байгаа нь эерэг баатрын үнэ цэнийг бууруулжээ. Учир нь, хэтэрхий хууль бус үйлдлийг уран сайхны илэрхийллийн хувьд  зөвтгөж болох ч хүний эрхийг үл тоож, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн мэт харагдана.

Бас нэг анхаарах зүйл бол ТЕГ-ын мөрдөгч Архад цагдаагийн албан тушаалтны дүрэмт хувцастай байгаа нь бодит байдалд үл нийцэх тул үзэгчдэд төөрөгдөл үүсгэнэ. ТЕГ, Цагдаагийн байгууллага хоёрын  чиг үүрэг өөр юм. Нөгөө талаас Архадын шалгаж буй хэрэг харьяаллын хувьд ямар хууль сахиулах байгууллагад хамаарахыг холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөөгүй байж болзошгүй гэх эргэлзээг төрүүлнэ.

Киноны тэнхлэгийн дүр бол Дархаа ба анхаарал татахуйц хурц, зөрчилт баатар юм. Тэрээр удаа дараа хууль бус хэрэг хийж, эцэстээ хүн амины хэрэг үйлдэн хоригдоно. Түүний “Хүн амины хэрэгт шийтгэгдээд таван жил болоод хорихоос гарч ирсэн“ нь үзэгчийн анхаарлыг татаж, асуулт болон үлдэж байна. Дархаа хууль сахиулагчдыг ажил мэргэжлийн үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэснийх нь төлөө хэл амаар доромжлох, заналхийлэх, сүрдүүлэх, шан харамж өгөхөөр амлах зэргээр тэдний хуульд нийцсэн үйл ажиллагааг эсэргүүцдэг.

Харин гэмт этгээдүүдийн гарт дүү нь алагдсаны дараа тэрээр “хуулиас гадуур” тэмцэгчидтэй нийлдэг. Тэрээр “Цагдаагийн дарга аа таны яриад байгаа хууль чинь миний дүүгийн амь нас ямар үнэ цэнтэй байсан бэ гэдгийг баталж чадах уу” гэсэн асуултдаа “Чи Үндсэн хуульдаа итгэж болно” гэсэн хариу авдаг. Үүгээр уран бүтээлчид Монгол Улс бол Үндсэн хуульт орон гэдгийг тунхаглаж байна.

            Киноны гол явдлын тайлал туйлын хүчтэй ба талархууштай. Жуулчны бааз байгуулах зөвшөөрөл авчихаад далд уурхай байгуулан “хуулиас гадуур” дургиж явсан улс төрч Цоодол, түүний хамсаатнуудын хэргийг мөрдөж дуусаад тэднийг баривчилж буй нь үзэгчдэд эерэг мэдрэмж, итгэл төрүүлнэ.

Харин баривчлахдаа ялын тогтоол уншиж буй мэт “Төрийн өмчийн газрыг хувьдаа ашиглаж, хуурамчаар гэрээ хэлцэл хийх нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, улмаар гэмт хэрэг тул баривчлах ажиллагаа явуулж байна” гэх нь үнэмшилгүй төдийгүй зүйд үл нийцэж, үзэгчдийг төөрөгдүүлнэ. Энэ нь хууль сахиулах ажиллагааны дэс дараалал, зохион байгуулалтыг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж шийдэх хэрэгцээ уран бүтээлчдэд өндөр байгааг дахин батлан харуулж байна.

Уран бүтээлчид өгүүлсэн түүхийнхээ төгсгөлийн цэг буюу Тэмцэгчид 5 жилийн дараа уулзаж буй үзэгдлийг оруулсан нь уран сайхны хувьд “Дараагийн ангид юу болох бол?” хэмээн  үзэгчдийн сониуч занг хөдөлгөсөн өгш (teaser) бүхий нээлттэй төгсгөл буюу үргэлжлэл бий гэсэн санаагаар оруулсан бололтой.

Тэд яриа өрнүүлэхдээ “Манай найзууд шударгаар хөдөлмөрлөөд амьдрал нь овоо дээшлээд байгаа юм даа. Би ч бас үнэнчээр зүтгээд яваад байгаа, нэг л болж өгөхгүй байгаа юм даа”, “Чи энэ Баярааг хар даа, тэмцэж тэмцэж дарга болчихоод үнэнч шударгаар явна гээд байсан хүн, үнэтэй үнэтэй хувцас өмсөөд том тэрэг унаад л. Гараад өгсөн байгаа биз дээ” гэх нь  киноныхоо үндсэн үзэл баримтлалтай харшилсан гэж ойлгогдохоор. Тус төгсгөл нь шударга ёсны төлөө тэмцэж тодорхой байр суурин дээр очоод буцаад буруу замаар будаа тээж буй юм шиг сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэхээр байгаа нь киноныхоо үндсэн үзэл баримтлалтай харшилсан гэж ойлгогдохоор байна.

Хүчин мөхөстөж, аргаа барсан иргэд аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх гэж эрмэлзсэнээс “хуулиас гадуур” өөрсдөө тэмцэх нь өнөөгийн нийгэмд зөв, үр дүнтэй гэх үзэл бодлыг хөхиүлэн дэмжиж буй мэт ийм төгсгөл бурууг зөвтгөх шалтгаан болохгүй юм. Үүний зэрэгцээ Архадын ажлаас халагдсан шалтгаан нь хууль сахиулах ажиллагааны тактик байсан байж болзошгүй нь иргэд, уурхайчдын мөргөлдөөний төгсгөлд хууль сахиулагчид орж ирж, гэмт этгээдүүдийг баривчилж буйгаар харагдах ч энэ нь тайлал тодорхойгүйгээс үзэгчдэд “Хуулиас гадуур” ажиллагаа л хамгийн гол цөм байсан мэт төсөөллийг үлдээсэн.

Тайз, дэлгэцийн бүтээлд зөрчлийг шийдвэрлэхдээ өөрсдийн итгэл үнэмшлээс гадна түгээмэл зан суртахуун, ёс суртахууны зарчимд тулгуурлах нь уран бүтээлчдийн алсын харааны тухай ойлголттой нягт холбоотой. Уран бүтээлчийн алсын харааны тухай онолд  “politically correct” хэмээх ойлголт байдаг ба үүнийг зөв шийдэл гэж орчуулсан нь бий. Тайз, дэлгэцийн зохиолын үндэс нь драм буюу зөрчил бөгөөд үүнийг шийдвэрлэх явцдаа уран бүтээлчид түүхийн зангилаа, өрнөл, туйл, тайлал, дүрүүдийн өсөлт хөгжилд буруугаас зөвд хөтлөх тухай бодууштай.

Уран бүтээлчид цаашдаа зохиолоо бичих явцдаа хүний эрхийн, мөн хуулийн шинжээч зөвлөхүүдтэй хамтран ажиллахыг эрмэлзээсэй.

Тайз, дэлгэцийн бүтээл нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Үзэгч бүрийн дэлгэцээс харж, сонссон бүхнээ тунгаан бодох шүүмжлэлт сэтгэлгээ янз бүр байдаг, зарим нь киноны дүрүүдийн үг, үйлдлийг жинхэнэ мэт хүлээн авч даган дуурайж, энэ нь бодол санаа, зан үйлд нь нөлөөлдөг. Иймд уран бүтээлчид хууль эрх зүй, хууль сахиулах байгууллага, шүүхийн тогтолцооны тухай буруу ташаа ойлголт өгөхөөс сэрэмжилбэл зохино.

Жирийн иргэд, улс төрч, албан тушаалтан, хэн ч байсан хууль зөрчсөн үйлдэлдээ эрх тэгш хариуцлага хүлээдэг шударга нийгмийг хүсэж буй нь киноны уран бүтээлчдийн нийгэмд хэлэх санаа байлаа. Хүний эрхийг хүндэтгэдэг эрүүл саруул, шударга нийгэмд хууль дээдлэх ёс үйлчлэх ёстой ба “хуулиас гадуур” аливаа үйлдэл нь өөрөө шударга бус тул “Хуулиас гадуур биш хуулийн дагуу ажиллах ёстой” болохыг уран бүтээлчид дараагийнхаа ангид илүү тод тунхаглана хэмээн найдаж байна.

Шүүмжийг эмхэтгэн бичсэн: Хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *