Татварын албанд таньдаг хүн хайх шаардлагагүй болжээ
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа дээрх үгийг хэлсэн юм.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, улмаар хүнд сурталгүй, хурдан шуурхай болгох зорилгоор олон салбарт цахимжилт үргэлжилж байна. Татварын ерөнхий газар бүх үйлчилгээгээ (тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах, нэхэмжлэл үүсгэх гэх мэт) мөн цахим болгожээ.
Иймд цаашид танилуудаасаа “Татварт хүн таних уу” гэж эрж хайн, цагаа гарздах шаардлагагүй болсон гэв. 2015 онд татварын тайлан өгөх гэж нягтлангууд удаан хугацаанд дугаарладаг, жижиг өрөөнд бөөнөөрөө хүлээж, хүн ухаан алдсан тохиолдол ч бий. Цахимжсанаар татвар цуглуулах ажлыг ихээхэн хөнгөвчилжээ.
Нэг.
Гаалиар нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүнийг мөшгөх систем нэвтрүүлжээ. Юун түрүүнд импортын архи, тамхийг мөшгөж эхэлсэн байна. Тодруулбал, “Бараа бүтээгдэхүүний нэгдсэн систем” гэж нэрлэсэн программ хангамжийг гааль, татварын байгууллагууд хамтран нэвтрүүлжээ. Хилээр ямар хэмжээтэй бараа нэвтрүүлсэн, хаана хаана худалдсан, тухайн барааны үлдэгдэл хэд байгаа, хэзээ хугацаа нь дуусах гэх мэт мэдээллийг бодит цагийн горимоор авах боломжтой болжээ.
Далд эдийн засаг барилгын салбарт түлхүү байдаг аж. Иймд энэ салбарын бараа бүтээгдэхүүнийг мөшгөх, бүртгэхээр бэлтгэж байна.
Хоёр.
Компани шинээр байгуулахын тулд татварын албанд ирж, бүртгүүлэх шаардлагагүй болжээ. Шинээр байгуулсан компаниудын мэдээллийг УБЕГ-ын сангаас ТЕГ авдаг болсон байна. Мөн татварын тайлан хүлээн авдаг сүүлийн өдөр систем унах буюу ажиллагаагүй болох нь элбэг байв. Нягтлангуудад тулгардаг энэ асуудлыг шийдсэн гэв.
Гурав.
Татвар төлөгч татварын албан дахь мэдээллийнхээ үнэн бодит байдлыг өөрсдөө хариуцна. Жишээ нь нягтлан бодогч ажлаас гарсан бол энэ талаар тухайн компаниас ТЕГ-т мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл мэдэгдээгүйн улмаас өмнөх нягтлан руу нь татварын системээс байгууллагын нууц мэдээллийг илгээсэн тохиолдол гарчээ. Үүний хариуцлагыг татвар төлөгч байгууллага өөрөө хариуцна.
Татварын тайлагнал цахимжсанаар жижиг ААН нягтлан ажиллуулах, зардал гаргах шаардлагагүй болжээ. Таван төрлийн тайлан гаргахаас ТЕГ дөрвийг нь өөрсдөө боловсруулж байна. Татвар төлөгч орлогоо зөв бүртгэх, хянаад баталгаажуулах л үүрэгтэй. Мөн ТЕГ мэдээллээ үйл ажиллагаандаа ашиглаж, их өгөгдөл үүсгэн, машинд таниулж эхэлсэн тул тайлан гаргах үйл явц автомат болжээ. Гэсэн ч ААН-үүдийн тайлангийн ирц 67 хувь байна. Үлдсэн 43 хувь буюу тайлангаа өгдөггүй компаниудын талаар огт мэдээлэлгүй гэв.
Тайлан өгөөгүй ААН-үүдийг татан буулгах хүсэлтээ ТЕГ УБЕГ-т хүргүүлжээ. Хүсэлт гаргаснаас хойш зургаан сар хүлээгээд татан буулгана. Олон компанитай биш чанартай компанитай байх нь чухал. Уг нь шинэ компани нэмэгдэх хэрээр тайлагналт ч дагаад өсөх ёстой атал манай улсад эсрэгээрээ байдаг гэв.
Мөн өмнө байгуулсан хоёр компанийнхаа тайланг гаргаагүй бол гурав дахь удаа компани нээх эрхийг хаах саналыг ТЕГ гаргажээ. Учир нь жил бүр шинээр 18 мянган ААН-ийг үүсгэн байгуулж байна.
Дөрөв.
Өмнө нь татварынхан жилд 9000-10 000 компанид хяналт тавьдаг байсан бол одоо эрсдэлтэй ААН-ийг л шалгадаг болж, зөрчил үүсвэл системд мэдээллийг нь оруулдаг болжээ. Компаниуд бизнесийн мөчлөгтөө тааруулан хэзээ татварын хяналт шалгалт оруулахаа шийддэг болно. Жишээ нь барилгын компани дулаан цагт ажил ихтэй байдаг тул өвөл татварын хяналтаа хийлгэж болно гэв.
Бэрхшээл
Цахимжилт үргэлжилж байгаа ч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцоход хэцүү болсон байна.Тухайн иргэн, ААН-д танай мэдээллийг ашиглав гэсэн мэдээлэл хүргэхээр иргэд харддаг аж.
Татварын албанд өртэй ААН-үүдийг татан буулгах хуулийн орчин байхгүй тул боломжгүй. Татварын маргааны хөөн хэлэлцэх хугацаа дөрвөн жил. Өрийг нь хүчингүй болгох хуулийн заалтгүй тул 1990 оны өр ч бүртгэлтэй. Ийм 54 мянган ААН-ийг өнөөг хүртэл татан буулгаж чадаагүй аж. Гэхдээ эдгээрийн дунд үйл ажиллагаа эрхэлж буй компани ч бий гэв.
Татвар бүрдүүлэлт
Нийт 154 мянган компани улсын төсвийг бүрдүүлдэг. Харин татвар төлөгч иргэний тоо 293 мянга байгааг өсгөхөөр зорьж байна. Гэтэл манай улсын хөдөлмөрийн насны нийт хүн ам 2 сая орчим байна. ТЕГ гар утасны худалдаачид, автомашины борлуулагчдын дансны мэдээллийг шалгахад тэд багагүй орлого олдгийг илрүүлжээ. Жил бүр 9000 иргэн хувиараа бараа оруулж ирдэг. Гэвч тэдгээр иргэд татвараа бүрэн төлдөггүй. Татварын байгууллага иргэдэд татварын зөвлөгөө өгөх, тэднийг эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Иймд “Та … хэмжээний татвар төлөөгүй байна”. гэсэн агуулгатай мессеж илгээсэн байна.
Тогтмол орлоготой иргэд цалин хөлснөөсөө 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ.
Зарим хүн үүнд бухимдаж, “Миний хувийн мэдээллийг авлаа” хэмээн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Орлогоо өөрөө тодорхойлж, татвар төлдөг иргэд нийт 129 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Үүнд хувиараа бизнес эрхлэгчид, ченжүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, хөрөнгийн үнэлгээчин гэх мэт ажил хийдэг хүмүүс хамаарна.
Харин тогтмол орлоготой иргэд цалин хөлснөөсөө 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ. Цаашид татварын алба орлогоо өөрөө тодорхойлж, татвар төлдөг иргэдэд илүү анхаарч ажиллана. 2022 онд иргэд 3 их наяд төгрөгийн татвар төлжээ. Үүний
- 1.1 их наяд төгрөг нь иргэдийн цалин хөлсний орлого,
- 1 их наяд нь НӨАТ-ын орлого,
- 900 орчим тэрбум төгрөг нь хөрөнгийн орлого байна.
-Авто машины татварт 58 тэрбум (Манай улсад нийт 1.1 сая ширхэг машин бүртгэлтэй ч 450 мянган орчим тээврийн хэрэгслийн татварыг л төлдөг.)
-Үл хөдлөх хөрөнгийн албан татвараар жилд 100 орчим тэрбум төгрөг
-Малын хөлийн татварт жилд 24 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байна.
Цахимжилтийн үр дүн
Орон сууц худалдан авсан, их сургуулийн төлбөр төлсөн, байшин барьсан бол иргэд татварын хөнгөлөлт авдаг. Энэ хөнгөлөлтийг нэг иргэн өөр өөр дүүргээс авсан зөрчил илэрчээ. Бүх мэдээлэл цахимжсанаар татварын хөнгөлөлтийг дахин авах боломжгүй болсон аж. Өмнө нь жил бүр 80 мянган хүн татварын хөнгөлөлт авдаг байсан бол одоо 57 мянга болжээ.
Таны машиныг Авто тээврийн үндэсний төв, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, бууг ЦЕГ тус тус бүртгэдэг. Тэдгээр бүртгэлд тулгуурлан ТЕГ татвар ногдуулдаг аж. Гэтэл иргэд “Миний нэр дээр бүртгэлгүй машинд татвар ногдуулж, нэхэмжлэх үүсгэлээ. Би зарчихсан ” гэдэг байна. Энэ тохиолдолд ТЕГ тухайн бүртгэлийг хийсэн байгууллагад хандаж, бүртгэлийн мэдээллээ шинэчлэх, засуулах зөвлөгөө өгдөг. Учир нь бид бүртгэлийг өөрчлөх боломжгүй гэв.
Татвар бүрдүүлэлт
2015 онд ТЕГ нийт 1.8 их наяд төгрөгийн татвар цуглуулах үүрэгтэй байжээ. Энэ нь тухайн үед улсын нийт төсвийн 51 хувийг эзэлсэн байна. Энэ онд энэ тоо 10.1 их наяд төгрөг болж (60 орчим хувь) өсжээ.
Иргэд өнгөрсөн онд 3 их наяд төгрөг төлсөн талаар дурдсан. Тэгвэл ААН-үүд жилд нийт 6.2 их наяд төгрөгийн татвар төлдөг. Үүний 85 хувийг том, цөөн ААН төлдөг. Үлдсэн 10 хувийг дунд түвшний компаниуд, 5 хувийг жижиг болон бичил компаниуд төлжээ.
Манай улсын 365 сумаас 7 нь л шилэн кабелд холбогдоогүй байна. Цахимаар татвар төлөхөд 20 секунд зарцуулж байна. Автоматаар нэхэмжлэх үүсгэдэг болсон тул нэг төгрөгийн ч зөрүүгүйгээр татвар төлөх боломж бүрдсэн. Иргэд, нягтлангууд татварын албад, банкууд руу явах шаардлагагүй болжээ.
Өмнө нь татварын албаныхан орлого бүрдүүлэлтийн араас явдаг байсан бол одоо татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхэд илүүтэй анхаарч байна. Мөн нэг салбарын ААН-үүдийн дундаж зардлыг тооцон, ААН-ийн илгээсэн тайлангийн үнэн зөвийг хянадаг болно гэв.
Эх сурвалж: gogo.mn
зах дэлгүүрүүдээ баримт өгдөг болгоочээ