Орхон, Сэлэнгэ голууд үерийн түвшнийг 50-100 см даван хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар Туул гол Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түвшнийг 17 см давжээ.
Хараа гол Дархан хот, Баруунхараа сум ормоор усны түвшин өмнөх өдрийн 08:00 цагийн ажиглалтаас хойш 19-22 см буурсан ч үерийн түвшнийг 10-55 см даван үерлэсэн хэвээр байна.
Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор усны түвшин 15-35 см нэмэгдэн үерийн түвшнийг 50-100 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.