Байгаль хамгааллын итгэлцлийн санд 71 сая ам.доллар төвлөрүүлнэ
Монгол Улсын Засгийн газар “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Байгаль хамгааллын итгэлцлийн санг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран үүсгэн байгуулжээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “ Энэ сан нь “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудад хүрэхэд түлхэц үзүүлэх ба биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход авч буй арга хэмжээ, хүчин чармайлтыг хурдасгаж, улмаар байгаль хамгааллын салбарт тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоно” гэв.
TNC байгууллага нь холбогдох доноруудтайгаа хамтран Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын хүрээнд 71 сая ам.долларыг тус санд бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.