Д.Баасан: Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдаан нь статистикийн нэгдсэн мэдээлийн сангийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой
Үндэсний Статистикийн хорооноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Нэгэн жарны түншлэл” уриан дор “Флоренс Найтингейл”-ийн нэрэмжит инфографикийн уралдааныг зарлаад буй. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдааны талаар ҮСХ-ны бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа тархаалтын хэлтсийн дарга Д.Баасангаас тодрууллаа.
-Юуны түрүүнд уралдааны талаар тодорхой мэдээллийг бидэнд өгөхгүй юу?
-Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааныг Их Британийн элчин сайдын яамтай хамтран ҮСХ хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Түүх сөхвөл, 1853-1856 онд Европт болсон Английн цэргүүд олноороо шархдаж, амь үрэгдсэн Крымийн дайны үед шархадсан цэргүүдийн сувилагчаар ажиллаж байсан Флоренс Найтингейл нь амь үрэгдэж буй цэргүүд юунаас болж нас барж байна вэ гэдэг талаар инфографик бэлтгэж, тухайн үеийн удирдлагуудад танилцуулсан байдаг.
Тухайн инфографикаас цэргүүд дайнд орж амиа алдах бус шархадсаныхаа дараа бохир оруулснаас болж амиа алдаж байна гэдгийг гаргаж тавьсан. Түүний бэлтгэсэн инфографик дахь мэдээлэл нь тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж, олон хүнийг амь эрсдэх аюулаас аварч чадсан түүхтэй. Үүнээс улбаалан Флоренс Найтингейлийн нэр хүнд маш их өсөж, түүнийг “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” гэж нэрлэх болсон.
Энэ утгаараа ҮСХ статистикийн нэгдсэн мэдээллийн сан буюу www.1212.mn дахь мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх, өгөгдлийг амилуулах, тоон мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор энэхүү инфографикийн уралдааныг зохион байгуулж байгаа юм. Флоренс Найтингейл нь Англи хүн учраас бид Их британийн Элчин сайдын яаманд хамтран ажиллах санал тавьсан. Элчин сайдын яам энэхүү саналыг маань уриалгахан хүлээн авсаны дагуу өнгөрсөн жил анхны уралдааныг нь амжилттай зохион байгуулсан.
Энэ жил дөрөвдүгээр сарын 15-наас бүтээл хүлээн авч эхэлсэн. ҮСХ-ноос ирэх есдүгээр сард үндэсний хэмжээний дата форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тус форумтай уялдуулаад инфографикийн уралдаанд оролцож шалгарсан бүтээлүүдийг олон нийтэд хүргэх нь зөв юм байна гэж үзсэний үндсэн дээр бүтээл хүлээн авах хугацааг есдүгээр сарын 15 хүртэл сунгасан.
-Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уралдаан шүү дээ. Өнгөрсөн жилийнхээс зохион байгуулалт, өгөгдсөн сэдэв агуулгын хувьд ямар онцлогтой болж байна вэ. Сэдэв, санааны хувьд хэд хэдэн агуулгууд өгсөн байсан?
-Сэдэв агуулгын хувьд энэ удаад шинэлэг гэхээр зүйлсийг оруулж өгсөн. Нэгдүгээрт, энэ жил Монгол Улс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж байгаа. Тэгэхээр энэ жилийн уралдааныг нэгэн жарны түншлэл уриан дор зохион байгуулж байна. Уралдаанд оролцогчид маань насны хувьд хязгааргүй. Монгол болон аль ч орны иргэд оролцож бүтээлээ ирүүлэх боломжтой.
Бүтээлийн өгөгдөлдөө ҮСХ-ны статистикийн мэдээллийн нэгдсэн сан болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын статистикийн төв газрын албан ёсны цахим хуудсыг ашигласан байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд тулгамдаж буй асуудлыг сонгон авч тухайн чиглэл дэх мэдээллийг Монгол Улсыг Их Британи улстай аль эсвэл Европын улстай харьцуулсан байдлаар хөндөж инфографикаар бэлтгэж болно гэж удирдамжинд заасан байгаа.
Нийгэмд тулгамдаж байгаа хүүхдийн эрх, хөдөлмөр эрхлэлт зэрэг тодорхой сэдвүүдийг хөндсөн, шинэлэг гэсэн шалгууруудыг хангасан бүтээлээ ирүүлнэ. Хүн бүрт нээлттэй тэмцээн учраас боломж бүрэн дүүрэн нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.
-Уралдааны цар хүрээ хэрхэн тэлж байна гэж та бүхэн харж байна вэ. Өнгөрсөн жил жишээлбэл хэчнээн хүн бүтээлээ ирүүлж оролцсон бэ. Шалгарсан бүтээлүүдийн сэдэв, агуулгын хувьд мэдээлэл өгвөл?
-Өнгөрсөн жилийн анхдугаар инфографикийн уралдаанд 70 орчим бүтээл ирсэн. Бид шилдэг 10 бүтээлийг онцолж, дөрвөн бүтээлийг шагналт байранд шалгаруулсан. Өнгөрсөн жил ирсэн бүтээлүүд нь жендер, хүүхдийн хүчирхийлэл зэрэг нийгмийн чиглэлийн асуудлуудыг хөндсөн бүтээлүүд байсан. Бүтээл маань шинэлэг, оновчтой дүрслэлтэй байхаас гадна агуулгын хувьд чухал сэдвийг хөндсөн, зарим талаар егөөдсөн ч агуулгатай байж болно шүү дээ.
Энэ жилийн хувьд өнгөрсөн жилтэй адилаар нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж, түүндээ ямар нэгэн шийдэл гаргасан байвал ач холбогдлын хувьд илүү байх болов уу. Зохион байгуулагч бидний хувьд ч энэ талыг шүүлтдээ баримтлах гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг болгоно гэж тусгасан байгаа.
–Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
-ҮСХ болон Их Британийн элчин сайдын яамны хамтарсан ажлын хэсэг гарч, бүтээлийг тавигдсан шалгуурын дагуу шүүнэ. Үндсэн гурван шатаар шалгаруулах юм. Нэгдүгээр шатад уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг эхний байдлаар Үндэсний Статистикийн Хороо болон Британийн Элчин Сайдын Яамтай хамтарсан баг шүүж, шилдэг бүтээлүүдийг сонгоно.
Хоёрдугаарт, шалгарсан бүтээлийг 2023 оны есдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд “Үндэсний Статистикийн Хороо” фэйсбүүк хуудаст байршуулах юм. Ийнхүү шүүгчдийн үнэлгээ 70 хувь, олон нийтийн сүлжээний оноо (лайк – 1 оноо, шэйр) – 30 хувь гэсэн үзүүлэлтээр дүгнэнэ.
-Тэмцээнд оролцохоор сонирхож байгаа магадгүй сэдэв санаагаа хараахан олоогүй байгаа хүмүүст хандаж багахан зөвлөгөө өгөхгүй юу. Анхаарах ёстой зүйл бий юу?
-Уралдаанд оролцохоор сонирхож буй иргэд маань үндэсний статистикийн нэгдсэн мэдээллийн сан болох www.1212.mn сайттай танилцаад хаана ямар үзүүлэлт байна түүнийгээ тодорхойлж өөрийн сонгосон сэдэв санаанд тохирсон датаг олж, өгөгдөл болгон ашиглаж бүтээлээ ирүүлж болно.
Мөн дэлхий нийт болон Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлж болох юм. Анхааруулж хэлэхэд, оролцогчид маань өөр бусад байгууллагуудын эх сурвалжийг ашиглаж мэдээллээ бэлтгэж ирүүлэх тохиолдол байгаа. Манай уралдааны гол шалгуур бол статистикийн мэдээллийн нэгдсэн сан буюу www.1212.mn сайт болон Их Британийн статистикийн төв газрын цахим хуудас https://www.ons.gov.uk дахь дата мэдээллийг ашигласан байхыг шалгуур болгож байгаа. Энэ тал дээр оролцогчид маань анхаарах шаардлагатай.
Оролцогчид https://tinyurl.com/5cybamtk холбоосоор хандаж, удирдамжтай танилцах боломжтой.