МЗХ-ны Нарийн бичгийн дарга Н.Булгантамир: Тархин дахь хогийг цэвэрлэхээс нааш тарьсан хогийг цэвэрлэж дуусах боломжгүй

-Та манай уншигчдад  өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Н.Булгантамир гэдэг. Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг. Сурагч байхаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор олон нийтийн ажил, сайн үйлс, тэмцээн, уралдаан, лекцэнд их хамрагддаг байсан. Монголд бүх нийтийг хамруулсан “CLEAN UP” төслийг нээлттэй санаачлан хэрэгжүүлээд гурван жил болж байна.

“CLEAN UP төслийг яагаад хийх болсон бэ? Энэ удаа гурав дахь удаагаа хэрэгжиж байгаа юм байна?. Онцлог зүйл нь юу вэ?

-Шалтгаан нь  их энгийн. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хот маань, тэр дундаа ундны усны эх үүсвэр болсон Туул гол маань нийслэл хотоор дайрч урсдаг хэсэг нь бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрээд, энэ нь энгийн зүйл мэт болоод удаж байна. Тиймээс л энэ хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэх болсон. Залуучуудын энэ хөдөлгөөнийг нэг удаа цэвэрлээд өнгөрлөө хэмээн хүмүүс их шүүмжилдэг. Гэхдээ зохион байгуулагчдын хувьд бол нэг удаа цэвэрлээд өнгөрсөн биш энэ төсөлдөө олон залуучуудыг хамруулан нийгэмд цоо шинэ үе бий болж байгааг, тэдний хандлага өөр гэдгийг харуулахыг хүсдэг билээ.

“CLEAN UP 1” төслийн хүрээнд 1500 гаруй залуу хамрагдаж байсан бол “CLEAN UP 2” төслийн хүрээнд 6500 гаруй залуучууд хамрагдаж байсан. Энэ тоо улам ч өсөөсэй гэж хүсдэг. Бид уг тоог өсгөхийн зэрэгцээ маш шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна.

CleanUP төсөл 3 хэзээ болох вэ? Хэрхэн зохион байгуулах  талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Уг төслийг энэ жил дахин санаачлан 2023 оны есдүгээр сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Дэлхий даяар 191 оронд яг энэ өдөр “World Clean up day” буюу “Дэлхий нийтийн байгал орчин цэвэрлэгээний өдөр” зэрэг болдог түүхтэй. Бүх нийтийн цэвэрлэгээг олон улсын хэмжээнд маш олон янзаар зохион байгуулдаг. Хогийг баялаг болгосон, далай доторх хогийг цэвэрлэдэг түүнийгээ дахин боловсруулдаг гэх мэт. Бидний хувьд түүнд алхам алхмаар л дөхөж байна. Бид хамгийн анх цуглаад л цэвэрлэдэг байсан бол энэ удаад илүү зохион байгуулалттайгаар ажиллахаар бэлтгэж байна. Жишээлбэл,

  • Илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулснаар нийгмийн хандлагад эерэг өөрчлөлт оруулах
  • Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах
  • Залуучуудын сайн дурын ажлын үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Хогийг дахин боловсруулан залуучуудын бүтээсэн төгөл бий болгох гэх мэт олон шинэлэг зүйлсээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Энэ төслийг ямар байгууллагууд зохион байгуулан ажилладаг вэ?

-Энэ төслийг эхнээс нь төрийн болон хувийн хэвшлийн түншлэл дээр өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж ирсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон түүний дэргэдэх байгууллагууд, хувийн хэвшлийн олон байгууллагууд байна. Энэ жил үндэсний хэмжээний зохион байгуулалтаар илүү өргөн хэмжээтэй болгохын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбооны зүгээс ерөнхий зохион байгуулагчаар ажиллан болно.

-Энэ жилийн арга хэмжээний хувьд хэдэн залуу хамрагдахаар тооцоолж байгаа вэ?

-Зохион байгуулагчдын багийн хувьд 4000-5000 залуучуудын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бол бидний л тооцоолол шүү дээ. Харин илүү өргөн хүрээтэй байлгахын тулд бүх насны хүмүүсийг  л оролцуулахыг хичээж байна. Тиймээс энэ ярилцлагыг уншсан залуучууддаа хандаж хэлэхэд “Бид нэг удаа энэ цэвэрлэгээнд оролцоод дуусах биш цэвэрлэж байхдаа бид яг ямар хот бүтээсэн юм бэ? Бид байгаль дэлхийгээ хэрхэн бохирдуулсаар ирсэн юм бэ?” гэдгийг л үнэхээр ойлгож сэтгэлдээ шингээгээсэй гэж хүсч уг аяныг санаачилсан. Өнөөдөр хүн бүрийн тарьсан хогийг бид цэвэрлээд байж чадахгүй тул хүн бүрийг хог тарихгүй байх эхлэл нь би өөрөө юм шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн юм.

-Байршлын хувьд яагаад заавал Туул голыг сонгож авсан бэ? Туул голын яг аль хэсгийг х цэвэрлэх вэ?

-Бид жилээс жилд цэнгэг усны маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байгаа шүү дээ. Хэдхэн жилийн дараа бид ундны усны хомсдолд орчих эрсдэлтэй тул 0.1 хувь ч гэсэн өөрчлөлт оруулах боломжтой болов уу гэж найдаж байна.Бид мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Улаанбаатар хот дундуур урсан өнгөрдөг хамгийн бохирдолтой боловч хүний гараар цэвэрлэгдэх боломжтой хэсгийг сонгон авсан. Үүнд:

  • Дамбадаржаагаас 100 айл хүртэл
  • Энхтайвны гүүрнээс 3-р дулаан цахилгаан станц хүртэл
  • 3-р дулааны цахилгаан станцаас туул гол цутгах цэг хүртэл
  • Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл

Баянзүрхийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл тус тус чиглэлд залуучууд хуваагдаж цэвэрлэгээ хийх болно.

-Хаанаас хамгийн их залуучууд цугладаг вэ?

-Маш гоё асуулт байна. Өмнөх жилийн жишээ хэлбэл болох байх гэж бодож байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 5000 гаруй оюутан, 1500 гаруй ахлах ангийн сурагч хамрагдсан. Сайн дурын ажилд оюутан сурагчид маань маш идэвхтэй хамрагддаг гэдэг нь илт харагддаг. Хаана юу хэрэгтэй байна? Юун дээр яаж ажиллах уу? гээд өөрсдөө л ороод ирдэг нь үнэхээр бахархмаар, бидний ирээдүй ямар гэрэлтэй байгааг харуулдаг. Үүн дээр их сургуулиуд нь оюутан залуусаа нэгдсэн байдлаар дэмжээд ажиллавал уг төсөл маань өмнөхөөсөө ч өргөн хүрээтэй болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ жилийн төслийг маань дэмжин ажиллаасай, өргөнөөр гар бие оролцоосой хэмээн залуучуудыгаа уриалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *