Орон гэргүй болсон өрхийн тоо 22 болж нэмэгдлээ
НОК-ын Шуурхай штабаас үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо 22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний нөхөн сэргээлтийн ажил хийж байна.
Зэвсэгт хүчний анги байгууллагын 200 гаруй алба хаагч 13 автомашинаар үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцож байна. Онцгой байдлын байгууллагаас 230 гаруй алба хаагч, 60 орчим машин, механизм, техник хэрэгсэлтэйгээр үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж байна.
Монголын Улаан загалмай нийгэмлэг үерт өртсөн 20 хүнийг түр байраар хангаж, 246 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.