УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн нэрэмжит Сонирхогчдын дугуйн УАШТ амжилттай боллоо

Манай улсад дугуйн спорт хөгжихийн хэрээр унадаг дугуй сонирхогчдын тоо эрчимтэй өсөн нэмэгдэж буй. Энэ сарын 5,6-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэгийн нэрэмжит 2023 оны Сонирхогчдын засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэмцээний үеэр хэлсэн үгэндээ “Монголын дугуйн холбооны бодлогоор нийтийн биеийн тамир болсон дугуй сонирхогчдыг дэмжин ажилласны үр дүнд Сонирхогчдын УАШТ-ний насны ангилал, тоо жил бүр улам өсөн нэмэгдэж байгаад баяртай байна. Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн нийт 20 гаруй унадаг дугуйн клубын дугуйчид оролцож байгаагаас гадна ӨМӨЗО, БНЧУ-ын дугуйн спортын тамирчид ирж оролцлоо. Хоёр дахь өдрийн тэмцээнд Элит болон Өсвөр үеийн ангиллын тамирчдын бэлтгэлийг хангах зорилгоор тусгайлан уралдуулна. Бүх нийтийн биеийн тамир, дугуйн спортыг хөгжүүлэхэд энэхүү тэмцээн чухал үүрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд дугуйн спортоор хичээллэдэг бөгөөд нийтийн биеийн тамирын дэмжих, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Атилла”, “UBCC” зэрэг сонирхогчдын уулын дугуйн клубыг байгуулалцаж олон залуусыг энэ спортод дурлуулж, эгнээндээ нэгтгэжээ. Мөн тэрээр мэргэжлийн тамирчдаа тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулах тал дээр онцгойлон анхаарч, дэмжиж ажилладаг гэдгийг дугуйчид онцолж байв.

Тэмцээнийг зохион байгуулагч Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Нарангийн хэлж буйгаар Сонирхогчдын засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээн тодорхой шалтгаануудын улмаас сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаагүй өнжөөд байсан аж. Харин энэ удаагийн тэмцээн өргөн цар хүрээг хамарч, оролцогчдын тоо нэмэгдэхийн хэрээр чансаа нь ахиж мэргэжлийн тамирчидтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрч байна хэмээж байлаа.

Энэхүү тэмцээнд орон нутгийн дугуй сонирхогчид идэвхтэй оролцож байсан бөгөөд тэдний нэг нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын тэмээчин Г.Алдарбат юм. Түүний хувьд эрүүл амьдралыг эрхэмлэн унадаг дугуйг өдөр тутмынхаа хэрэглээнд нэвтрүүлснээс хойш түүндээ улам хоббирч тэмцээн уралдаанд оролцох болсон нь энэ аж.Тэмцээндээ оролцох гээд л дугуйгаа ачаад Өмнөговиосоо гараад давхидаг гэсэн. Тэрээр энэ удаагийн тэмцээний 50-59 насны ангилалд амжилттай уралдаж, медаль хүртлээ.

Мөн эмэгтэй 50-59 насны ангилалд уралдсан Б.Батцэцэгийн хувьд таван жилийн өмнө дугуй унаж сурчээ. Ингээд ойр зуур дугуй унаж байгаад унадаг дугуй сонирхогчдын Атилла клубт нэгдсэнээр түүний дугуйчин болох замнал эхэлсэн аж. Одоо уулын болон заслал замын бүхий л тэмцээн уралдаанд амжилттай оролцохоос гадна хоббигоороо цалинждаг болжээ. Тодруулбал, онлайн худалдааны байгууллагуудтай гэрээтээр хамртан ажиллаж, тэдний барааг захиалагчдад нь түргэн шуурхай хүргэж үйлчилдэг гэсэн.

Эхний өдрийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт /2023.08.05/ Төв аймгийн Алтанбулаг сумын автозам дээр 5 насны ангилалд нийт  50 гаруй дугуйчин 12 км-н зайд уралдаж, аваргуудаа шалгаруулсан бол тэмцээний хоёр дахь өдөр /2023.08.06/ Төв аймаг-Дундговийн замд 15-75 насны нийт 100 орчим тамирчин 30-60 километрын зайд уралдаж аваргуудаа шалгаруулсан юм. Энэ тэмцээнд Элит ангилал болон Өсвөрийн шигшээ багийн тамирчид бэлтгэл хангах зорилгоор сонирхогчидтой хамт уралдсан нь онцлог байв.

Ийнхүү УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэгийн нэрэмжит 2023 оны Сонирхогчдын засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, аваргуудаа шалгаруулснаар тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *