Бусад руу халдсан этгээд нь таван удаа ял эдэлж байжээ
Өнгөрсөн шөнө орон сууцанд дөрвөн удаа буун дуу гарсан асуудлаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.8.8/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Оюун:
-Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад бусдын амар тайван байдалд заналхийлсэн хэрэг гарсан. Тухайлбал, хүний биед хутгатай этгээд халдаж, хэргийн газраас зугтаасан байсан. Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт саатуулсан. Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн иргэнтэй хэлэлцээ хийсэн. Хэлэлцээ 22:10-00:10 цаг хүртэл үргэлжилсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэж Цагдаа хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан. Бусдын биед халдсан этгээд цагдаагийн алба хаагчдад шаардлага тавьж хүүхэдтэйгээ уулзаж, дараа нь бүр явна гэсэн.
Уулзалтаар тухайн хүний тавьж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан. Тиймээс нөхцөл байдалд тохируулж, цагдаа нэг бүрийн тусгай хэрэгслийг ашигласан. Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан. Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн. Тухайн хүн өмнө нь таван удаа ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байсан.
Одоо Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу шалгагдаж байна. Өмнө нь мөн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэргээр шалгагдаж байсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.