Монгол Улсын Морин хуурын чуулга Австралийн Сиднейн дуурийн театрт анх удаа тоглолтоо хийхээр боллоо
Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга анх удаа Австрали Улсын Сиднейн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ.
Тус чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолтоо хийсэн. Харин өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн билээ.
Монгол улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга “Сидней Дуурийн Театр”-ын тайзнаа тоглох бөгөөд Сиднейн дуурийн театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болох юм.
Уг тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулна.