Google-ийн хайлтын системээс хувийн зургаа устгах боломжтой болжээ
Хайлтын системийн зах зээлд тэргүүлэгч Google компани хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хянах шинэ боломжийг олгохоор болжээ. Тухайлбал хэрэглэгч өөрийнхөө ил задгай болон зөвшөөрөлгүй тарсан зургийг бусад хүмүүсийн хайлтын үр дүнгээс хасах боломжтой болсон байна.
Зургийг хэрэглэгч өөрөө санаатай тараасан байсан ч ингэж болох бөгөөд хайлтын үр дүнгээс устгах хүсэлтийг энгийн форм бөглөн Google-д илгээх юм.
Ийм зориулалттай хяналтын самбарыг эхлээд АНУ-ын англи хэлтэй хэрэглэгчдэд зориулан гаргах ба дараа нь бусад зах зээлд нэвтрүүлэх ажээ. Зөвхөн зураг биш, бусад хувийн мэдээллээ ч ингэж хянах боломжтой болжээ.
Бас бүх хэрэглэгч хайлтын үр дүнд нь ямар зураг харагдах, харагдах ёсгүйг шүүх боломжтой болсон. Тухайлбал хэрэглэгчийн хайлтын үр дүнд насанд хүрэгчдэд зориулсан болон цус, хүчирхийлэл харуулсан зураг олдвол харуулахдаа бүдгэрүүлдэг болох юм.