Оюутан цэргүүд тангараг өргөлөө
“Оюутан цэрэг-2023” сургалтад хамрагдсан цэрэг эрсийн тангараг өргөх ёслол өнөөдөр /2023.8.11/ 11:00 цагт цэргийн ангиудын сургалтын төвүүдэд боллоо.
Тухайлбал, ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төв болон Зэвсэгт хүчний 123, 167, 186, 327, 330 дугаар ангиудад тангараг өргөх ёслолыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос эхлэн хэрэгжсэн. Эхний хоёр жил хөтөлбөр хэлбэрээр явсан бол 2016 оноос эхлэн цэргийн мэргэжил олгох сургалт болж цэргийн алба хаах нэг хэлбэр болсон билээ. Covid-19-ийн үед хоёр жил завсарласан уг сургалтад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ жил 1500 оюутныг хамруулсан юм.